Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ

/2024.03.25/: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болж, тогтоолд өөрчлөлт оруулах, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах болон барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай хэлэлцлээ.

Тодруулбал, НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ.

Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Иймд хилийн заагийг өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд иргэдийн хаягийн бүртгэл мэдээлэлд өөрчлөлт орохгүй, эдийн засгийн хувьд зардал гарахгүй, зөвхөн дээрх хороодын egazar.mn дэх хилийн заагийн мэдээлэлд өөрчлөлт орох юм.

Нийслэлийн хэмжээнд аж үйлдвэрийн дөрвөн парк ажиллаж буй. 2022 онд батлагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” хэмээн заасан. Үүний дагуу Эмээлт эко аж үйлдвэрийн парк компанийн хэлбэрт шилжээд буй. Тэгвэл Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг дээрх хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна.

НИТХ-ын төлөөлөгчид, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүдийн зүгээс үйлдвэрлэл, технологийн паркуудын нэр томъёог олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэршлээр нэрлэх, дүрмийг өөрчлөн найруулах, хөрөнгийн үнэлгээг нягтлах, үнэлгээг нэмэгдүүлэх боломжийг судлах, паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг саналыг хэлсэн юм. Мөн компанийн хэлбэрт шилжсэнээр ил тод, нээлттэй байдлыг хангана хэмээн үзжээ.

Тухайн шилжилтийг хийхэд шаардагдах хууль, эрх зүйн үйл явц, нийслэлийн 2024 оны төсөв батлагдсан зэрэгтэй холбоотойгоор үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.

Түүнчлэн

  • Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга
  • Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн байр
  • Баянзүрх дүүргийн 304 дүгээр цэцэрлэгийн барилга байгууламж
  • Баянзүрх дүүргийн 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байр
  • Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламж
  • Сонгинохайрхан дүүргийн 330 дугаар цэцэрлэгийн барилга
  • Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламж
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ дэд төв дэх 28МВт хүчин чадал бүхий дулааны станц гэсэн барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Ийнхүү дээрх тогтоолын төслүүдийг НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.

Эх сурвалж: НЗДТГ

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.