/2024.03.13/: Гадаа огцом дулаарсан, энэ жил цас ихтэй жил байсан тул шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг шат шатны байгууллагуудаас анхааруулсаар байгаа.
Тэгвэл өчигдөр цаг агаар нэмэх хэмд хүрсэнээр улсын хэмжээнд шар усны үертэй холбоотой 2 дуудлага бүртгэгдсэн байна.
Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын “Монгол гол”, “Их-Ойгор” гэдэг газар уулын цас хайлж айл, өрхүүд шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ербуланаар ахлуулсан алба хаагчид мэргэжлийн ангийн 2 хүн, орон нутгийн 2 иргэнтэй хамтран 125 км замын туулан 15:15 цагт очиход 4 айл шар усны үерт автах эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор 40 см өндөртэй, 150 метр урттай далан байгуулсан. 03.13-ны өдөр ажиллагаа үргэлжилнэ.
Өвөрхангай аймаг, Хужирт суманд гудамжинд уулын цас хайлж 3 айлын гэр хөрсний шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын мэргэжлийн ангийн 7 хүнтэй хамтран 3 км замыг туулан 15:24 цагт очиход иргэн Б, А, Э нарын нийт 3 айлын 5 ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг 4 цаг 34 минут ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ