/2024.02.19/: Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан.
Тодруулбал, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Тохижилт, тэр дундаа явган хүний замыг сайжруулахаар төсвийн тодотголд тусгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж байна. Тиймээс валютыг Хятад руу урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан хэмээлээ.