/2024.02.08/: Хөрөнгийн зах зээлийн уналтад олон нийтийн дургүйцэл нэмэгдэж байгаа тул Хятад улс үнэт цаасны зохицуулах хорооныхоо даргыг сольжээ.
Хятадын үнэт цаасны зохицуулах хорооны дарга, намын нарийн бичгийн даргаар 2019 оны нэгдүгээр сараас хойш үүрэг гүйцэтгэсэн И Хуйманы оронд банкны салбарын ахмад зүтгэлтэн, хамгийн сүүлд Шанхай хотын намын нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан Ву Чинг томилсон байна.
59 настай Ву нь 2016-2018 оны хооронд эх газрын Хятад дахь хамгийн том хөрөнгийн бирж болох Шанхайн хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байсан. Тэрээр өмнө нь CSRC зэрэг санхүүгийн зохицуулагчидтай хорин жилийн турш ажиллаж байжээ.
Хятадын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт тогтворжсон ч даваа гараг гэхэд 2021 оны хоёрдугаар сард дээд цэгтээ хүрсэн Хятад, Хонконгийн хөрөнгийн зах зээлээс ойролцоогоор 6.1 их наяд ам.доллар арчигдсан байна.
Албан тушаалтнууд зах зээлийн гацаанаас салах гэж улайрч байна.
Мягмар гарагт Хятадын төрийн баялгийн сангийн хувьцааны салбар болох Central Huijin Investment хувьцаа худалдан авахаа эрчимжүүлнэ гэж мэдэгдэв. Мэдээллийн дараахан CSRC мэдэгдэл гаргаж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ Central Huijin Investment-ийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Лхагва гарагт Хятадын эх газрын хөрөнгийн зах зээл хоёр дахь өдрөө дараалан өслөө. Шанхайн нийлмэл индекс 1.4%-иар өссөн бол Шенжений бүрэлдэхүүн хэсгийн индекс 2.9%-иар өссөн байна.
Хятадын хувьцааг аврах гэсэн хоёр дахь оролдлого нь Бээжинд дахин цаг хугацаа хожсон мэт боловч эдийн засагт тулгарч буй суурь сорилтууд болох эрэлт сул, дефляцийн дарамт, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, АНУ-тай худалдааны хурцадмал байдал зэрэг асуудлыг шийдэж чадахгүй байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Хонг Конгийн шүүх Хятадын өмчийн хямралын нүүр царай болсон Эверграндыг татан буулгах тушаал өгснөөр зах зээлийн өмнөх богино хугацааны тайван байдлыг арилгаж орхив. Энэ нь хөрөнгө оруулагчдыг дахин гарц хайхад хүргэжээ.
Эх сурвалж: CNN