/2024.01.31/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ.
1. ЭТТ ХК-ийн ногдол ашгийг олгох асуудал яригдсан. Өнөөдөр ЭТТ ХК-ийн 2022 оны жилийн эцсийн тайлан, 2023 оны жилийн эцсийн хүлээгдэж байгаа тайлан зэргийг харгалзан үзээд, энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас батлагдсан ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг шинээр бүртгэхтэй холбоотой тогтоол батлагдсан.
Өнөөдрийн Засгийн газрын хурлаар энэ асуудлыг авч хэлэлцлээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн Монгол Улсын иргэдийг шинээр хувьцаа эзэмшигч болгох шийдвэрийг гаргасан. Эдгээр хувьцаа эзэмшигч энгийн хувьцаа эзэмшигч байна хэмээн Үнэт цаасны тухай хуульд заасан. Тус хуулиар давуу эрхийн хувьцаа, энгийн хувьцааны төрлийг баталгаажуулж өгсөн. Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор 893.432 мянган иргэн шинэ хувьцаа эзэмшигч болж байна.
Нэгж хувьцаад ногдох үнэлгээ 108 төгрөг. Татварын өмнөх дүнгээр нэг хүнд 116 мянган төгрөг оногдож байгаа. Хувьцааны ногдол ашиг авах иргэд ХАОАТ зэрэг татварыг төлнө. Татвар суутгагдсаны дараах хувьцаа эзэмшигчийн гар дээр 104 мянган төгрөг өнөөдөр олгогдоно.
2.5 сая иргэний ногдол ашиг өөрсдийн брокерийн компанийн нээлгэсэн дансаар орно. Шинээр хувьцаа эзэмшсэн 893 мянган хувьцаа эзэмшигчийн хувьцааны мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжин орно.
2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Үндэсний аудитын байгууллага аудит хийснээр гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орохоор байгаа. 2023 онд ЭТТ ХК 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нэгж хувьцаанд 267 төгрөг ногдож, нэг иргэнд очих мөнгөн дүн татварын өмнөхөөр 286 мянган төгрөг байгаа. Татварын дараа нэг иргэнд очих мөнгө 257 мянган төгрөг болж байна.
Цаашдаа ЭТТ ХК-ийн хувьцааны ногдол ашгийг иргэд өөрсдөө бэлэн мөнгөөр шууд авдаг биш дотоодын бондыг гаргадаг, өөрсдийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд иргэдтэй гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр санхүүжүүлэх хэлбэрээр оруулдаг, банкны хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц хэмжээний хүүг төлдөг байх бүтээгдэхүүн гаргадаг боломжийг бүрдүүлж байгаа. Энэ бүх шийдвэрийг ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлаар цаг үед нь шийдвэр гаргах боломжтой болсон.
ЭТТ ХК-ийн 3.4 сая хувьцаа эзэмшигчийг төлөөлөн ТУЗ-д суух ТУЗ-ийн гишүүнийг нийт хувьцаа эзэмшигчийн дундаас нээлттэй цахим хэлбэрээр сонгох нөхцлийг бүрдүүлсэн. Хувьцаа бүрэн амиллаа. Энэ хувьцааг ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрх нь ирээдүйд нээгдэх бүрэн боломж нь бүрдлээ.