/2024.01.09/: УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр "Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа.
Уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцов.
Сайд С.Бямбацогт:
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүллээ.
Чингис хаан Олон Улсын нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдийн зүгээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг гэсэн санал, гомдол их ирж байна.
2024 онд бид 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт тавьсан. Тиймээс бүртгэлийн цэгийг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл багатай байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Мөн орон нутагт гурван чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 оны долоодугаар сараас есөн чиглэлд нислэг үйлддэг болсон.
Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюутолгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна.
Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг.
Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна.
Мөн орон нутгийн нислэгийг шилжүүлснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна гэдгийг онцлон хэллээ.
Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми:
Манай зүгээс ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажлууд хийнэ.
Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмэгдүүлсэн. 2024 оны тавдугаар сар гэхэд нийт 20 бүртгэлийн цэгтэй болно.
Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа.
Үйлчилгээний чанараа сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарч байна хэмээн байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна гэдгийг тохиролцлоо.
Эх сурвалж: ЗТХЯ