Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш тэгш байдал, тогтвортой хөгжил, ардчилсан нийгмийг цогцлоохын төлөөх зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм.
Нийгмийн тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо, төлөөлөл байхгүй цагт тэдний асуудал, эрэлт хэрэгцээ шийдэгдэх боломжгүй, олон асуудал шийдэл байхгүй гацалтанд орсон хэвээр байгаа билээ. Тэрхүү гацалтыг хөдөлгөх, урагшлуулах хөдөлгүүрийн нэгэн эрэг шурга болон ажиллаж буй иргэний нийгмийн эд эс нь “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ.
Тэдний уйгагүй, зогсолтгүй тэмцлийн дүнд эмэгтэй нэр дэвшигчдийн квотын тоог 2024 оны сонгуулиар 30 хувь, 2028 оны сонгуулиар 40 хувьд хүргэх түүхэн шийдвэрийг хуульчилсан юм. Эрхийн төлөөх тэмцэл бартаа, саадтай тулдаг болохыг энэхүү бодлогын нөлөөлөл харуулсан. Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж батлагдах хүртэл “квот”-ыг нэмэгдүүлэх асуудал хэдэнтээ эргэж буцаж, гацаж, эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хууль шийдвэр бүрт чихээ тавьж, хяналт шаардлагаа зоригтойгоор хүргэж, хэрсүү хандаж ирсэнээр тус шийдвэр батлагджээ.
“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын захирал А.Анударьтай ярилцлаа.
-Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" хэрхэн байгуулагдсан бэ? Ямар зорилгын дор, юунаас сэдэлжиж нэгдсэн бэ?
- Манай байгууллага 2010 онд дөрвөн залуу эмэгтэйн санаачилгаар байгуулагдаж байсан. Залуу эмэгтэйчүүд бидэнд зөвхөн өөрсдөөрөө суугаад тулгамддаг асуудлаа, санаа зовнилоо хуваалцах орон зай хэрэгтэй юм байна гэдэг бодол, мэдрэмж нь бид дөрвийг нэгтгэсэн. Хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллахад бид бүгдээрээ эрх зүйч мэргэжилтэй байсан нь бас нөлөөлсөн. Анхны уулзалтаа фэйсбүүкээр эвент зарлаад хийж байсан. Тухайн үедээ цаасан самбар дээр буулгаж байсан жендэрийн шударга ёс, ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийн төлөө ажиллана гэж байсан маань одоог хүртэл бидний ажлын үнэт зүйлс, зарчим, зорилгын тулгын чулуу хэвээр.
Төрөл бүрийн ажил мэргэжилтэй залуу эмэгтэйчүүд 7 хоног бүрийн Бямба гарагт цуглаад өөрсдийн дуртай сэдвээрээ ярилцдаг байлаа. Одоо үед хаа сайгүй түгээмэл болсон нийгэм, улс төр, салбартаа манлайлж яваа хүмүүсийг урьж оролцуулах уулзалтыг хагас сайн өдрийнхөө цомхон бүрэлдэхүүнтэй уулзалтаараа л хийчихдэг байлаа.
2011 он гарахад хамгийн анхны том төслөө хэрэгжүүлсэн нь Монголд анх удаа Үтрээний хүүрнэл жүжгийг тоглосон явдал байсан. Манай Зола "Бид ийм "галзуу" эхэлсэн болохоор дараа нь юу ч хийсэн тийм ч "галзуу" биш" гэж хэлдэг нь үнэн. Гурван жил дараалж жүжгээ тоглосны дараа байгууллага маань сайн дурын нэгдэл гэдгээсээ давж жинхэнэ ажил болж хувирсан. Үнэхээр л Үтрээний хүүрнэл шиг "галзуу" зүйл дахиж хийгээгүй ч бүх төслүүд маань "залуу" гэдгийн хамгийн чухал тодотгол болох бүтээлч байдлыг гээж байгаагүй. Жүжиг, гэрэл зураг, стрийт арт гээд бүтээлч хэлбэрүүдийг активизмдаа байнга ашигласаар ирсэн.
Манайх үндсэндээ гурван үндсэн хөтөлбөрийн хүрээнд ажилладаг. Эхнийх нь, “жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй тэмцэх” хөтөлбөр ба олон нийтийн нөлөөллийн кампанит ажлууд хийсээр ирсэн. Удаах нь эмэгтэйчүүд тэр дундаа “залуу эмэгтэйчүүдийн эрх мэдлийг бэхжүүлэх”-ийн хүрээнд манай манлайллын хөтөлбөрүүдээ зохион байгуулдаг.
Сүүлийнх нь, “ардчилалд залуучуудын утга учиртай оролцоог дэмжих” бөгөөд сонгуулийн иргэний нийгмийн ажиглалтыг зохион байгуулах ажлыг бусад иргэний нийгмийн залуучуудын хамтаар манлайлж ажилласан нь багтана. Мөн залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх төслүүдийг сонгууль бүрийг угтан хэрэгжүүлдэг. Одоо бид эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөөх үндэсний хэмжээний Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээг "эгч" байгууллагынхаа хамтаар зохион байгуулан ажиллаж байна.
-Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх өнгө төрхийг та хэрхэн тодорхойлох вэ? Танай байгууллагын онцлог юу вэ?
-Бид хэвтээ манлайлалтай, "дарга цэргэрхдэггүй," найзуудаараа ажилладаг нь онцлог нь юм болов уу. Бас байгууллагын бүтцээс хальсан маш том эмэгтэйчүүдийн коммюнити бол бидний бахархал. Арав дахь жилдээ, 4 дэх жилдээ гээд зохиогдож байгаа өөр өөрийн онцлогтой хөтөлбөрүүдийн төгсөгчид, Манлайллын сүлжээний идэвхтэй гишүүд гээд салбар, орон нутагтаа цойлж яваа олон зуун залуу гол төлөв эмэгтэйчүүд бий. Энэ жил анх удаа орон нутгаас шилжин суурьшиж хотод оюутан болж ирсэн залуу эмэгтэйчүүдийн "Феминист манлайлагч" хөтөлбөрийг зохион байгуулж байна. "Феминист" гэдэг үг, тодорхойлолтоо арван жилийн дараа айлгүй ашиглаж үзлээ. Манай эгнээг "бяцхан" феминистүүд тэлэх нь ээ.
Бид юу ч хийсэн байнга баримталдаг зарчим бол үе хоорондын залгамжийг бэхжүүлж явах. Одоогийн залуу эмэгтэйчүүдийн амжилт ололт гэж бий бол бид өмнөх үеийн эмэгтэйчүүд, тэдний нэгдэл дээр тулж босож ирж байгаа. Тиймээс залуу, дунд, ахмад үеийн диалогийг байнга амьд, утга учиртай авч явахыг зорьдог.
Жендэрийн шударга ёсны төлөө тэмцэхэд эрэгтэйчүүд зайлшгүй гэдгийг хэлэх нь илүүц биз. Бид хэд хэдэн боломжийг ашиглаж "Өөрчлөлтийн төлөөх эрэгтэйчүүд" санаачлагаа хэрэгжүүлж үзсэн. Одоо ч байнга дотроо тээж, боломжуудыг эрэлхийлж явдаг.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
-Олон нийтийн хандлагад нөлөөлөх, соёлын өөрчлөлтийг хийх, эмэгтэйчүүд эрх мэдлээ бэхжүүлж, тэлэх гээд бүх ажил засаглалыг сайжруулах бодлогын нөлөөлөлгүй бол үр дүнд хүрэх боломжгүй. Засаглалыг сайжруулахад эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл зайлшгүй юм. Тиймээс бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын нөлөөллийг орон даяар өрнүүлэн ажиллаж байна.
Олон хамтрагч талуудын хамтарсан акци, эмэгтэйчүүдийн өөрсдийн тэмцлийн дүнд өнөөдөр Монгол улс анх удаа нэр дэвших жендэрийн 30 хувийн квотыг хэрэгжүүлэх болсон. Эмэгтэйчүүд болон бусад эрх мэдлийн цөөнх бүлгүүд болох ЛГБТИК хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, эмзэг байдал тэдний өөрсдийн төлөөлөлгүйгээр шийдэгдэхгүй, хүний эрхээ эдэлж, эрхэм чанартай амьдрах боломж олгогдохгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрх, бусад эрх мэдлийн цөөнх бүлгүүдийн эрхийн төлөө ажилладаг бол засаглал тэр дундаа шийдвэр гаргах түвшний оролцоо, төлөөллийн төлөө нөлөөлж ажиллах нь аяндаа, жамаараа хийчихдэг зүйл гэж хэлж болно.
Сэтгүүлч: Б.Маралмаа (Бодлогод залуусын хяналт ТББ-аас Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Иргэний орон зайг хамгаалахад залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгч)
Гэрэл зургийг: Г.Мөнх-Од