Томчууд өөрсдөө томууны вирус тээгч болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томчууд өөрсдөө томууны вирус тээгч болж байна

/2023.12.18/: НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундажаас 2.0 хувиар ихэссэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийт өвчлөгсдийн:

  • 26.4 хувийг 0-1 нас,
  • 30.9 хувийг 2-4 нас,
  • 19.7 хувийг 5-9 нас,
  • 11.4 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн түргэн тусламжийн 3661 дуудлага ирсний 50.1 хувь нь томуу, томуу төст өвчин байсан байна.

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өгч байна.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт аравдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй байдаг. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдлөө ч хүндрэх эрсдэл бага байдаг.

Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй. Манайхан ковидтой холбоотой халдвар хамгааллаа маш сайн мэддэг болсон. Бага насны хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа маскийг ороолт шиг ээ төсөөлдөг болчихсон байсан бол одоо тайвшраад халдвар хамгааллаа баримтлахаа больчихсон.

Уг нь энэ их чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед бүр илүү хэрэгтэй байна. Манай хүүхэд гэртээ байгаа хэрнээ өвдчихлөө гэдэг. Гэтэл энэ нь томчуудын өөрсдийнх нь халдвар хамгаалалтай маш их холбоотой. Том хүмүүс хэр баргийн өвдөхгүй. Бид нарын дархлаа маш сайн байгаа. Гэхдээ бид тээгч болоод явж байдаг. Тийм болохоор гэр орондоо дархлаа султай хүүхдүүддээ ханиад томуу хүргэж өгөөд байдаг л даа.

Тийм болохоор маш сайн гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих хэрэгтэй. Тэгээд гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж гэртээ байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна гэсэн үг.

Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдөр ялимгүй цастай, 22-24 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр ялимгүй цастай, 22-24 хэмийн хүйтэн байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.