/2023.12.12/: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүмүүнлэгийн гал зогсоох тогтоолд АНУ хориг тавьснаас хэдхэн хоногийн дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблей мягмар гарагт Газын нөхцөл байдлын асуудлаар яаралтай хуралдаан хийхээр болжээ.
"АНУ хориг тавьсны дараа Газа дахь НҮБ-ын ажилтнууд хаягдсан мэт санагдаж байна" гэж НҮБ-ын дээд албан тушаалтан мэдэгдэв.
Аравдугаар сарын 7-ноос хойш Израилын Газын зурваст хийсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 18205-д хүрсэн гэж Хамас бүлэглэлийн хяналтад байгаа тус анклав дахь Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдэгдэв.
Газын зурваст: Израилын цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт байрлах Хамас бүлэглэлийн сүүлчийн хоёр бэхэлгээг бүсэлж байна гэж Батлан хамгаалахын сайд Йоав Галлант даваа гарагт мэдэгдэв. Жабаля, Шежайя мужууд дахь Хамас бүлэглэлийн батальонууд "татан буулгахын даваан дээр байна" гэж тэр хэлээд бууж өгч буй дайчид зэвсэг, хоол хүнсний хомсдолтой байгаагаа хүлээн зөвшөөрсөн гэв. Үүний зэрэгцээ Газа дахь ХАМАС-ын удирддаг Эрүүл мэндийн яамны дарга Жабаля дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд ширүүн тулаан болж байгааг хэлсэн бол эмч Газа дахь Камал Адван эмнэлгийг Израилын цэргүүд бүсэлсэн гэж мэдэгджээ.
Эмч шархдав: Хил хязгааргүй эмч нар (MSF) Газын хойд хэсэгт орших Аль Авда эмнэлэгт буудалцаан болж мэс засалчдын нэг нь шархадсан гэж мэдэгдэв. "Мэргэн буудагчид эмнэлгийг бүсэлж, дотор нь байгаа хүмүүс рүү буудаж байна" гэж MSF мэдэгдэв. Хил хязгааргүй эмч нар гэгддэг ТББ мөн аравдугаар сарын 7-ноос хойш тус эмнэлэгт амиа алдсан таван эрүүл мэндийн ажилтны дунд эмнэлгийн хоёр эмч байгаа гэж мэдэгдэв.
Байден анхааруулга: Даваа гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн террорист халдлагын дараа "Еврейн ард түмний аюулгүй байдал, Израилын аюулгүй байдал, оршин тогтнох эрхийг" гуйвшгүй дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Европын Холбооны алхамууд: Европын холбоо эзлэгдсэн Баруун эрэгт Палестинчуудын эсрэг хүчирхийлэл үйлдэж буй еврей оршин суугчдын эсрэг хориг арга хэмжээ авахаар ажиллана гэж тус холбооны гадаад бодлогын тэргүүн даваа гарагт мэдэгдэв. Үүний зэрэгцээ Ирланд, Испани, Бельги, Мальта улсын удирдагчид Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишельд захидал илгээж, удахгүй болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Газын зурваст гал зогсоох шаардлагатай талаар ярилцахыг уриалав.
Эх сурвалж: CNN