/2023.12.08/: БНСУ-д Хятад, Вьетнам, Монгол, Узбекстан улсаас хамгийн олон оюутан суралцдаг байна. Тус улсын засгийн газраас 2027 он гэхэд гадаад оюутны тоог 300 мянгад хүргэхээр зорин ажиллаж байна.
Монгол Улсаас Солонгос улсад суралцдаг 14 мянган оюутны тухайд ихэнх нь төлбөрөө бие даан төлдөг, сурахын зэрэгцээ ажил хийж амьжиргаагаа залгуулдаг оюутан олон байна. Энэ жил 15 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Солонгосын сургуулиудад элссэн.
Цаашид тэтгэлэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлгийн сан байгуулах, дээд болон мэргэжлийн боловсролын зэргийг харилцан зөвшөөрдөг болох саналыг тавилаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлах үеэрээ тус улсын ерөнхий сайдтай уулзаж Монгол Улсад нэн шаардлагатай, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Солонгосын анагаахын чиглэлийн их сургуулиуд, АШУҮИС хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх байдлаар ажиллах боломжтой талаар ярилцлаа.
Ярианы төгсгөлд мөн саяхан үр дүнгээ танилцуулсан PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний талаар мэдээлэл солилцлоо. Монгол улс ДНБ-ий 5 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Энэ нь OECD-ийн орнуудын дунджаас хамаагүй бага хэмжээ боловч цаашид нэмэгдүүлэх, үр ашигтай, оновчтой зарцуулах замаар сурлагын амжилтаа сайжруулахаар зорьж байгаа юм. Солонгос улсын тухайд PISA-д тэргүүлэгч орнуудын нэг. Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Одоо ч зарим нэг сорилтуудтай тулгарч байгаа гэлээ.
Эх сурвалж: БШУЯ