/2023.11.23/: УИХ, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлэгт “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл товч танилцуулга хийлээ.
Тэрбээр, Монгол Улс Азийн бүсэд эмэгтэйчүүддээ улс төрийн эрх олгосон анхны орон гэдгийг тэмдэглэсэн.
Монгол Улсын парламент 1992 онд анх удаа 4 эмэгтэй гишүүнтэй болсон түүхтэйг дурсаад, хэдийгээр УИХ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг цуцалсан ч 2028 онд 40 хувь болгох шийдвэрийг гаргуулж чадсан нь том амжилт хэмээлээ.
1992 оноос хойш УИХ-ын даргаар 12 хүн ажилласнаас УИХ-ын даргаар нэг ч эмэгтэй сонгогдоогүй. Харин дэд даргаар 2 эмэгтэй ажилласан. Манай парламентын 30 гаруй жилийн түүхэнд анх удаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан гэж эмэгтэй томилогдон амжилттай ажилласан. Тэр хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр саяхан томилогдсон. Цаашид ч Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүнийг томилох асуудалд анхаарал хандуулна.
Тэрбээр, Үндсэн хуульд Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийснээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан бөгөөд үүнээс 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгохоор хуульчилсан. Жагсаалтыг 1:1 байхаар сонгуулийн хууль тусгасан нь парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломж, дэвшил гэж үзэж байгаа хэмээн танилцуулсан.
"Хүйс харгалзахгүй харилцан ойлголцож, нийгмийн харилцаанд оролцох хэрэгцээ шаардлага байна. Бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх, сонгогчдын олонх нь болох залуучуудад ойлголт, мэдээлэл өгөх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлснээр нөлөөлөх, улстөрч эмэгтэйчүүд хуйвалдаанд оролцдоггүй зэрэг судалгааны дүнг танилцуулах, эмэгтэйчүүд улс төрд оролцоход санхүүгийн хувьд ижил гараанаас оролцох, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаараа өрсөлдөх, үнэлэх үнэлэмжийг бий болгох шаардлагатай" гэсэн байр суурийг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа илэрхийллээ.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүр УИХ-д өргөн барьж байгаа. 6 удаагийн илтгэлд жендэрийн асуудлыг тусгаж, санал хүргүүлсэн. Харамсалтай нь бидний өргөн барьсан илтгэлийг хэрэгжүүлдэггүй. ХЭҮК-ын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, УИХ-ын тогтоолд тусгуулах зайлшгүй шаардлага байна гэв.
Эх сурвалж: УИХ