/2023.11.09/: Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах мэдлэг мэдээллийг төлөвшүүлэх зорилготой “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг энэ сарын 6-наас улс орон даяар зохион байгуулж байна.
ДЭМБ-ын Олон улсын эмийн аюулгүй байдлын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв 2016 оноос хойш иргэд, эмнэлгийн мэргэжилтний эмийн гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, гаж нөлөөг олон нийтэд мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “MedSafetyWeek-Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэл, хөдөө орон нутгийн 250 гаруй оролцогч албан ёсоор уг аянд нэгдэн эмийн гаж нөлөөний мэдээллийг түгээх хээр бүртгэлээ ирүүлж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт эмийн гаж нөлөөний 722 тохиолдол үндэсний мэдээллийн санд бүртгэгдсэн.
Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлэх нь судлагдаагүй ховор, ноцтой гаж нөлөөний тохиолдлыг илрүүлэхээс гадна, хуурамч, стандартын бус, бүртгэлгүй эм болон бусад эмийн хэрэглээтэй холбоотой асуудлыг илрүүлэн шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байдаг.
Манай улс одоогийн байдлаар 4-5 хэлбэрээр гаж нөлөөний тухай мэдээллийг хүлээн авч байгаа бөгөөд уламжлалт хэлбэр буюу гараар бөглөх цаасан маягт, утсаар холбогдох, компьютерээр бэлэн маягт бөглөхөөс гадна [email protected] цахим хаяг болон иРепортинг цахим системийн аль боломжтой хэлбэрийг сонгон ирүүлэх боломжтой юм.
Иймд эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдол бүрийг мэдээлснээр цаашид учирч болзошгүй олон эрсдэлээс хэн нэгнийг хамгаалах боломжтой.
Эх сурвалж: ЭМЯ