/2023.10.27/: БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны төсвийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Хувийн сургуульд сурч байгаа 42 мянган хүүхдийн үдийн цайны асуудлыг Засгийн газар болон манай яамнаас шаардлагатай байгаа хоолны мөнгөний эх үүсвэрийг тавьчихсан. Одоо төсөв батлагддагаараа батлагдана. Улсын их хурлын тогтоолд бид нар нэг заалт нэмж оруулья л гэсэн. Түүнээс биш тухайн хүүхдүүдийн хоолны мөнгийг хасчихаад олгохгүй байгаа юм бол байхгүй. Шинэ хууль гарчихаар би дур мэдэн энэ мөнгийг олгож болохгүй тэгэхээр хуулинд зохицуулалт хийж байж олгон гэж бодож байгаа.
Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2470 төгрөг байгаа. Үүнийг хамгийн багадаа 4000 төгрөг болгох хэрэгцээ шаардлага байгаа. Яагаад гэвэл хүүхэд өдөрт авах ёстой калорийнхоо 80 хувийг цэцэрлэгийн хоолоор дамжуулж авдаг. Тэгэхээр үүн дээр төсөв хэрэгтэй. Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоол, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн хоолны зардал нь тогооч нарын цалин болоод урсгал зардалтайгаа нийлээд 203-аад тэрбум төгрөг байгаа юм. Тэгэхээр энийг дахиад нэг нугална гэхээр эх үүсвэр хэрэгтэй болж байгаа юм.
Миний хувийн бодлоор бол хүүхдийн 100 мянган төгрөгний 50 мянган төгрөгийг нь хүүхдийнх нь хоолонд зарах энэ шийдэл гарвал бид нар 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд хоол өгөх бололцоо байна. Ийм гаргалгаануудыг бодохгүй бол дан ганц төсөв дээрээс дахиад 230 төгрөг гаргана гэдэг бол их эрсдэлтэй. Яагаад гэвэл бид нарт 3 ээлжийн сургуулиудын хөрөнгө оруулалтын асуудал, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлууд байна. Тэгэхээр бид нар энэ мөнгөөрөө цэцэрлэг, сургууль барих уу эсвэл үдийн хоолныхоо мөнгийг нэмэх үү гэдэг л асуудал байна. Хэрэв эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн мөнгөний 50 төгрөгийг яг тухайн хүүхдийн ирцээр бүртгээд зарцуулах боломж байна" гэв.