Аравдугаар сарын 28-нд нээлтээ хийх 2023 Japan Mobility авто шоун дээр Toyota компани нэгэн сонирхолтой зүйл олонд толилуулахаар зэхсэн нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй Land Cruiser жийпний төсөөллийн загвар байна гэжээ.
Мэргэжилтнүүд энэ загварыг одоогийн цахилгаан хөдөлгүүртэй том оврын жийпнүүдтэй өрсөлдөхүйц хүчирхэг загвар байна, эсвэл яваандаа үйлдвэрлэхээр иймэрхүү байх болно гэсэн төсөөллөө дөнгөж биежүүлсэн загвар төдий байх болно гэдэг таамаглалд хуваагдаад байна.
Toyota Land Cruiser “Se” нэртэй энэхүү загварыг шинжвээс энд тэндээ өнцөг ирмэг бүхий завь хэлбэртэй, урт хамартай, урт налуу салхины шил болон ар хэсгээрээ дугуйрсан хэлбэртэй бүтээгдэхээр байгаа юм. Гурван эгнээнд долоон суудалтай тул урт нь 515 см, тэнхлэг хоорондын зай, 304 см, 199 см өргөнтэй, 179 см өндөр болж, хэмжээ нь өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл, 2024 онд гарах бензин хөдөлгүүртэй Land Cruiser-ийг бодвол илүү өргөн, арай намхан болж байгаа гэсэн үг.
Тэнхлэг хоорондын энэ их зайнд цахилгаан хөдөлгүүрийн батарей байрлах магадлал өндөр бөгөөд хэлбэр галбирын бусад элементүүд нь машины аэродинамикийг сайн хангах зорилготой нь мэдээж хэрэг. Машины хажуугийн хоёр толь нь хажуу ар талаа харах камер болж өөрчлөгдсөнийг энд дурдах нь зүйтэй. Тoyota компани цахилгаан хөдөлгүүрийн ачаар салонд нэвтрэх дуу чимээ гэж үгүй болсон тул хотод жолоодоход тав тухыг бүрэн мэдрүүлнэ гэж давуу талаа дурджээ.
Бартаа саадтай замд дурлагсдын хувьд шинэ цахилгаан загвар нь хөдөө гадаа явахааргүй, их л сайндаа хотоос нисэх буудал хүртэл давхиж болох машин шиг харагдаж байгаа ч Toyota компани энэ машинаа бензин хөдөлгүүртэй үндсэн загваруудаасаа дутахааргүй бартаа саад туулж чадна гэсэн юм.
Энэхүү Se загвараас гадна мөн л цахилгаан хөдөлгүүртэй, EPU нэртэй дунд оврын пикап машины төсөөллийн загварыг олон нийтэд танилцуулах ажээ. Хэмжээний хувьд 506 см урт, 191 см өргөн байгаа нь Rivian компанийн RIT нэртэй аяллын пикап загвараас илүү авсаархан байгаа тул худалдан авагчдад таалагдах нь лавтай.
Дээрх автомашинууд дээр нэмээд Toyota компанийн үзүүлэнд цахилгаанаар ажилладаг, “Land Hopper” хэмээх эвхэгддэг унадаг дугуй, “Juu” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй тэргэнцэр мөн багтсан ба унадаг дугуй нь эргэлт маневрийг сайжруулах зорилгоор урдаа хоёр дугуйтай бүтээгдсэнээрээ онцлог бол суудлын тэргэнцэр нь шатаар өгсөж, уруудахдаа цахилгаан хөдөлгүүрээ ашиглах боломжтой. Эдгээрээр ч зогсохгүй сансар огторгуй сонирхогчдод зориулсан нэгэн гэнэтийн бэлэг байгаа нь сансрын гараг эрхэсүүдийн овон товон чулуу ихтэй гадарга дээгүүр зорчих зориулалт бүхий ATV явагч юм. Хоёр хүний суудалтай сансрын ATV нь тус компанийн хөгжүүлж буй ирээдүйн сарнаа явагч Lunar Cruiser- ийн бүрэлдэхүүнд орно гэжээ.
Toyota компани үүнээс гадна үзэгчид, сонирхогчдыг шоун дээр ирж, автомашинд улам дурлуулах увдистай Neo Steer нэртэй шинэ жолооны хүрдийг нь сонирхоорой хэмээн урьж байгаа. Мотоциклийн жолоотой төстэй энэхүү жолооны хүрд нь зарим компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан машиныхаа хүрдийг өөрчилдөг шиг хааз, тоормосоо гараар тохируулах боломжтой юм.
Цахилгаан хөдөлгүүртэй Land Cruiser нь Toyota компани том оврын бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин руу орж буй анхны бодит оролдлого бөгөөд бусад цахилгаан хөдөлгүүрт машины үйлдвэрлэгчид энэ орон зайд аль хэдийнэ өөрсдийн автомашинуудаа санал болгоод эхэлчихсэн цаг үед танилцуулагдаж байгаа нь сонирхол татаж байна. Тухайлбал, Hyundai компани тун удахгүй олонд танилцуулж, худалдаалах үнээ зарлах 3 эгнээ суудалтай EV9 загварыг л гэхэд олон хүн худалдан авахаар сонирхож байгаа нь гарцаагүй. Тиймээс Toyota компанид цахилгаан машинаа хийсэн шиг хийх, түүн дотроо Land Cruiser загварынхаа нэрийг сэвтээхгүй байх сорилт тулгараад байгаа гэж хэлж болох юм.
Эх сурвалж: theverge