/2023.10.26/: Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийн талаар Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын Гаалийн улсын байцаагч В.Болормаагаас тодрууллаа.
Тэрбээр, "Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн чуулганаар “Дэлхийн худалдааг аюулгүй байлгах болон хөнгөвчлөх аюулгүй байдлын багц стандарт”-ыг 2005 онд баталж, энэ үеэс гишүүн орнууд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөр нь худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдаанд оролцогчдын хууль сахилтыг дэмжих, гааль-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуй нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь гаалийн байгууллага болон бизнесийн байгууллагад ач холбогдолтой. Учир нь гаалийн байгууллага аюулгүй байдлын шалгуур хангасан аж ахуйн нэгжид итгэмжлэл олгож, гаалийн хяналт, бүрдүүлэлттэй холбоотой хөнгөлөлт үзүүлнэ.
Мөн Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуй нэгж нь өөрийн улс орондоо хөтөлбөрийн үр ашгийг хүртээд зогсохгүй, итгэмжлэлийн талаар Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан бусад улсын гаалийн байгууллагын хөтөлбөрийн үр ашгийг хүртэх давуу талтай.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь баталгаажуулалт хийгдсэн анхны аж ахуйн нэгж болсон. ГЕГ итгэмжлэлийг олгохоор ажиллаж байна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуй нэгжид тавигдах шалгуурыг хангахын тулд гаалийн байгууллагатай хамтарч ажиллах нь зүйтэй. Манай Эрсдэлийн удирдлагын хэлтсийн албан хаагчид хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн төлөөлөгчтэй биечлэн уулзаж, зөвөлгөө өгч, сургалт зохион байгуулж, хамтарч ажилладаг" гэв.
Эх сурвалж: ГЕГ