/2023.10.24/: Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллалаа.
Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт” зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2100 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 120.500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн байна.
Үзлэг шалгалтаар 86 удаагийн үйлдлээр 294 ширхэг тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулж, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, хураагдсан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч зохих журмын дагуу устгалд оруулсан байна.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийн үүрэг гүйцэтгэл, үйл ажиллагаанд нийт 25 удаа хяналт тавьж, үүрэг чиглэл, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллажээ.
Эх сурвалж: ОБЕГ