/2023.10.19/: НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч эхэлсэн.
Богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг аваад буй энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар эсрэгцээд амжсан нь өчигдрийн сонирхолтой сэдвийн нэг байж чадсан юм.
Тэгвэл энэ сэдвээр судлаачид, хувийн хэвшлийнхэн хэвлэлээр болон нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байна.
Б.Лхагважав – Эдийн засагч
НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх ёстой ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно. НӨАТ-ын буцаалтуудын хамгийн гол оньс нь хар мөнгийг давхар илрүүлдэг. Газрын наймаа, авлигыг илрүүлье гэвэл тэнд нь НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих хэрэгтэй.
Д.Ангар – Эдийн засагч, Новел группын ТУЗ-ийн дарга
Үнэхээр татвар төлөөд тэр нь улсын хөгжлийн төлөө, иргэдийн тав тух, аюулгүй бдал, эрүүл мэнд, боловсролд зөв зүйтэй зарцуулагддаг бол өндөр татвар, өндөр НӨАТ төлөх нь хамаа алга. Гол нь татварын мөнгийг манай дарга нар ногоон автобус шиг зарцуулчихдаг учраас л татвар төлмөөргүй санагддаг болсон. Тиймээс би НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжиж байна
Б.Гантулга – CEO клубын ерөнхийлөгч
Одоогийн улсын төсөвт гэнэтийн ачаалал үзүүлэхгүйгээр эхний ээлжид НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох боломжтой гэж бодож байна. Эргээд бизнес эрхлэгч нарын орлогын бүртгэлжилт сайжирснаар урт хугацаандаа Татварын орлого бүрдүүлэлт сайжирна. Одоогийн ДНБ-ий 27%-тай тэнцэж буй далд эдийн засгийг ил болгоход иргэд өөрсдөө оролцоно гэсэн үг. Татвараас зугтсан нь хождог, төлсөн нь хохирдог тогтолцоо арилах, чөлөөт зах зээл, бизнесийн өрсөлдөөний орчин нэг болох алхам хийгдэнэ. Иргэдийн татварын ачаалал буурна.
Л.Оюун – Эдийн засагч, профессор
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлснээр төсөв буурахгүй. Төр иргэдээс авсан мөнгөө буцаан өгч байгаа учраас төсвөөс нэмэлт мөнгө гарахгүй. Иймд Сангийн сайдын тайлбар буруу юм. Зүйрлэвэл, бид төрд өгсөн 10 төгрөгийнхөө тавыг нь авч байгаа учраас төсөвт ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл, төсөвт НӨАТ-ын орлого гэж бүртгэгдэж байгаа учраас нэмэлт хөрөнгө шаардагдахгүй.