Олон улсын Прокуроруудын холбоонд “Гишүүн-байгууллага”-аар элслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын Прокуроруудын холбоонд “Гишүүн-байгууллага”-аар элслээ

/2023.10.05/: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо 2023 оны есдүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 28 дугаар чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн арга хэмжээнд АНУ, Англи, Швейцар, Франц, Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг нийт 88 улсын 409 төлөөлөгч хүрэлцэн ирж, “21 дүгээр зуун дахь гэмт хэргийн мөн чанарын өөрчлөлт, сорилт ба хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон байна.

Чуулга уулзалтын үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус Холбооны байгууллагын гишүүнчлэлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол Улсын ерөнхий прокурорын газар нь дэлхийн 177 орны 350,000 гаруй прокуроруудын төлөөлөл бүхий олон улсын сүлжээ байгууллагын албан ёсны “гишүүн-байгууллага” боллоо.

Тус байгууллагад элссэнээр Монгол Улсын прокурорын байгууллага олон улсын прокуроруудын нэгдсэн сүлжээнд орох, олон улсын эрүүгийн эрх зүйн салбарт шинэ тутам гарч буй мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, бусад улсын прокурорын байгууллагатай олон талт уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, прокурор солилцооны болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нээгдэж байна.

Мөн дээрх чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хан Мораал, холбооны гүйцэтгэх захирал Жанне Холст Хюбнер нартай уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхий прокурорын зүгээс авлигын болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг буцаах, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг өргөжүүлэх, мөн гишүүн орнуудын уулзалтыг 2024 онд Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлсэн байна.

Олон Улсын Прокурорын Холбооны талаас Монголын Улсын Прокурорын байгууллага тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг онцлон тэмдэглээд, цаашид Монгол Улсын ерөнхий прокурорын саналыг талархан хүлээн авч, бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: УЕПГ

Автобусны хэргийн холбогдогч хоёр Солонгосыг 1 сарын хугацаатай хорихоор шийдвэрлэжээ
Автобусны хэргийн холбогдогч хоёр Солонгосыг 1 сарын хугацаатай хорихоор шийдвэрлэжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.