/2023.10.05/: Хуучин автобус оруулж ирсэн хэрэг иргэдийн дургуйцлыг төрүүлж нийгмийг ихээр бухимдуулаад буй.
Уг хэрэгтэй холбогдуулан Тэнүүн-Огоо ХХК-ний холбогдох албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, тэдний гэр болон албан газарт нэгжлэг хийсэн.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан БНСУ-аас автобус нийлүүлсэн гэх компанийг төлөөлөн 2 хүн ирж тайлбар хийсэн юм.
Харин тухайн Солонгос иргэдийг цагдаагийн байгууллагаас саатуулсан бөгөөд шүүхээс тэдэнд 1 сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан БНСУ-ын иргэн Лий Жунг Сууб, Ким Киабаум нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тус саналыг шүүх 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эх сурвалж: ШҮҮХ