/2023.10.05/: Улс төрийг хэдхэн хоногийн дотор эргүүлж чадсан ногоон автобусны хэргийн цаад эзнийг олж хариуцлага хүлээлгэхийг олон нийт шаардсаар байна.
Асуудал гарсан эхний өдөр хотын дарга Д.Сумьяабазар огцрох өргөдлөө өгсөний дараа хэлэхдээ автобус нийлүүлэгч талтай намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулсан гэх үг унагаад буусан билээ. Энэ үгийг Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар мөн баталсан агуулга бүхий ярилцлага өгсөн.
Ингээд хэргийн эзэн ЗГХЭГ -ын дарга руу шууд чиглэв. ХБНГУ -д томилолттой ажиллаж байсан тэрээр өчигдөр эх орондоо яаран ирсэн. Өөрийг нь нийтийн тээврийн асуудлыг либералчлах бодлого дээр дөрөөлөн хамаатуулсаныг хэлээд зохион байгуулалтттай худал мэдээлэл тарааж байгаа хүмүүст хандан барахгүй шүү гэж мэдэгджээ.
Үүний өмнөхөн түүний хэвлэлийн төлөөлөгч Тэнүүн-Огоогийнхонтой уулзаагүй гэх тайлбар өгсөн билээ. Өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд тайлбар өгөх үер нэгэн санамсаргүй биш үг унагасан нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал дээр процессийн алдаа гарсан, нийлүүлэгчдийг Дарханаас сонгогдсон гишүүдтэй холбоотой юм билээ гэх үгийг үгийн завсар хавчуулсан. Дархан-Уул аймгаас хоёр гишүүн сонгогдсон Х.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан нар.
Тэгвэл энэ хоёрын нэг нь Тэнүүн-Огоотой холбоотой байж таарах нь. УИХ-ын гишүүн Х.Дамдиннямын хувьд Дарханы замтайгаа зууралдаад энэ хэрэгт төдийлөн холбоогүй нь тодорхой гэж эх сурвалжууд хэлж байна.
Харин Монгол Улсын төсвийг атгаж байгаа Сангийн сайд Б.Жавхланг хамаатай гэж хэлж байгаа хэмээн олон нийт “орчуулж” байна. Гэхдээ ЗГХЭГ-ын даргын хэлсэн гишүүн нь Сангийн сайд Б.Жавхлан байх магадлал хамгийн өндөр байна.
Ногоон автобусны хэргийн цаад эздийг тун удахгүй ил болгоно. ЗГХЭГ-ын санамсаргүй хирнээ хамгийн их “санамсартай” унагаасан үг анхаарлыг Сангийн сайдын зүг хандууллаа. Энэ хавиас асуудлын гогцоог шинэ хотын дарга Х.Нямбааатар атгаж авах нь гарцаагүй юм. Түүнд учрыг нь олж хужрыг нь тунгаах бүрэн эрх олгосон.