/2023.09.25/: Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй. Монгол Улс нээлттэй улс төрийн тогтолцоо, хариуцлагатай засаглалыг бий болгохыг эрмэлзэж, байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн гарцыг эрэлхийлж, эдийн засгаа солонгоруулах, бүс нутгийн дэд бүтцийн бүх талын холболтыг өргөжүүлэх, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулах, мөнхийн хөрш оронтойгоо найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна гэв. Түүний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин үг хэлэв.
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хурлыг Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Л.Мөнхбаатар, ОХУ-ын Төрийн Думын дэд дарга, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.
Хуралдаанд Шадар сайд С. Амарсайхан, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б. Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын Ёс зүйн, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б. Баттөмөр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б. Саранчимэг, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э. Батшугар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Ж. Чинбүрэн нар оролцлоо.
Комиссын Анхдугаар хурлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандан мэдээлэл хийлээ.
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн шинэлэг механизм юм
УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэхүү хамтарсан хурал нь Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээрийн шинэлэг механизм гэдгээрээ онцлог юм. Хурлын үеэр эдийн засаг, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
Энэ хурал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна. ОХУ-аас гаргасан шатахуун, түлшний экспортын хязгаарлалтын тухай тогтоолд Монгол Улс хамаарахгүй гэдгийг нотлон хэлсэнд талархал илэрхийлье. Мөн цаашид шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаархи яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо. Манай ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхийн тулд хориг саадыг арилгах асуудлаар хэлэлцсэн нь комиссын хуралдааны нэг чухал үр дүн юм. Дараагийн комиссын хуралдааны эхний хэсгийг Москвад хийхээр Оросын тал санал болгосныг бид хүлээн авч байна.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володин “Найрамдал, нөхөрлөл бол хоёр талын урсгал, хөдөлгөөн байх ёстой” гэж хэлсэн. Тиймээс хоёр улсын парламентын энэхүү уулзалтаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, тэдгээрийн үзэл санааг хоёр улсын гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрууд анхааралдаа авч, Улаанбаатар хотноо болох худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж, хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Эрхэм зочин маань Чингис хааны музейд бэлэгтэй иржээ. Түүхэн үнэ цэнтэй, архивын баримтыг өнөөдөр музейд хүлээлгэн өгнө гэв.
В.В.Володин: Хоёр улсын харилцааны хөгжилд парламентууд чухал хувь нэмэр оруулж байна
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин: УИХ-ын дарга Г.Занданшатарын танилцуулсан эдгээр шийдвэрүүдийг гаргахад бид удаан хугацаанд хамтран ажилласан бөгөөд үүний үр дүн гэж үзэж байна. Манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс болсон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь дээрх шийдвэрүүд гарах суурь юм. Хоёр улсын парламентын комиссын анхны хурал нь хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах механизм гэдэгт итгэж байна.
Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай. Хоёр улсын парламентын комиссын анхдугаар хурлын зорилго бол эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёл болон бусад салбарын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагаас дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.
Манай хоёр улсын хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй. 1921 онд Орос улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байсан. Үүнээс хойш манай хоёр улс харилцан ашигтай, хамтран ажиллаж, бие биеийнхээ дотоодын хэрэгт оролцохгүй, хүндэтгэх гэсэн зарчимд тулгуурлан хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд хоёр улсын парламент чухал хувь нэмэр оруулж байна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой гэв.
Эх сурвалж: УИХ