/2023.09.12/: Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө.
Хуралдаанаар нийслэлийн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд:
-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 731 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 59.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 3136 бүртгэгдсэн. Залилах гэмт хэрэг байнга өсөх хандлага байгаа бөгөөд цахим халдлага их байна. Тодруулбал, 14 хоногийн хугацаанд 650 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 20 орчим хувиар өссөн. Мөн гэр бүлийн хүчирхийлэл буурсан, хүний биед халдах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна гэв.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд:
-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 201 хяналтын цэгт давхардсан тоогоор 3401 алба хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 23 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Энэ хугацаанд жолоодох эрхгүй 156 хүн автомашин жолоодсон бол 628 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Хяналтын камераар 28 мянга гаруй зөрчил илрүүллээ. Эд материалын хохиролтой осол 10 хувиар өсөж, ослын улмаас гэмтсэн хүний тоо 38 хувиар буурсан. Нийт дуудлага, мэдээлэл 5.6 хувиар өссөн байна хэмээлээ.
Эх сурвалж: НЗДТГ