/2023.09.11/: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас цахим мөрийтэй тоглоом тоглуулсан гэх А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн, Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, С.Батзаяа, Б.Зоригтөгөлдөр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцлээ.
Нэр бүхий шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч Н.Балжинням, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр, С.Батзаяа нарт 3 сая төгрөгөөр, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нарт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Балжинням, С.Батзаяа, Э.Бат-Эрдэнэ, Б.Зоригтөгөлдөр нараас тухайн гэмт хэргийг үйлдэж олсон орлого болох 5,250,000 төгрөгийг, шүүгдэгч А.Дэлгэрдалай, Ө.Даваасүрэн нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42 сая төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, хэргийн газраас хураагдсан бэлэн мөнгө болох 26 сая төгрөгийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 ширхэг гар утсыг зарж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан бусад эд зүйлсийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ШҮҮХ