/2023.09.11/: Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Монголын уул уурхайн үндэсний ассоциацийнхантай хийсэн “Өглөөний уулзалт”-аар хөндөгдсөн хур хогийг цэвэрлэх ажил үр дүнтэй үргэлжилж байна.
БОАЖЯ-ны ХБОБЗГ-ын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Ханбогд сумын Хайрхан (Цагаан хад) багийн нутагт ажиллаж Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх авто зам дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх үүрэг даалгаврыг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон холбогдох автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч “Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд ажиллаж байгаа.
2023 оны есдүгээр сарын 08-ны өдөр хүртэл хог цэвэрлэгээнд нийт 26 хүн оролцож, 8 их даацын өөрөө ачигч болон ковш ажиллаж, 193 га талбайн 6168 тонн хог хаягдлыг Цогтцэций сумын хог хаягдлын цэгт төвлөрүүллээ. Нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан стандартын шаардлага хангахгүй 6 нийтийн бие засах газрыг түрж устгасан. Дахин ашиглахаар 1450 ширхэг дугуйг цуглуулсан байна.
Мөн Сумын Засаг даргын 2023 оны А/304 дүгээр захирамжаар байгуулагдсан газар чөлөөлөх, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг зөвшөөрөлгүй газар ашиглаж буй гэр болон зөөврийн сууц ашиглагч 120 иргэнд сумын Засаг даргын албан мэдэгдлийг хүргүүллээ.
Газар чөлөөлөх ажлын хүрээнд есдүгээр сарын 7-8 ны өдрүүдэд нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгаж журмын хашаанд байршуулан, 4 гэрийг эзэнд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: БОАЖЯ