/2023.9.6/ Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгдэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ.
Халзан бүрэгтэйн орд нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт оршдог. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус ордын зөвшөөрлийн талбайд хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчны албаар батлуулаагүй тул энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа юм.
Халзан бүрэгтэйн ордтой хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.
Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.