Унадаг дугуйг Улаанбаатарт унах ДҮРЭМ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Унадаг дугуйг Улаанбаатарт унах ДҮРЭМ

/2023.8.24/ Улаанбаатарт унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ дахин эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуй унах талаар хэрхэн заасныг бүрэн эхээр нь оруулж байна.

Хорин тав. Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага

25.1. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байна.

Мопед нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтаар түүнд хамаатуулан заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байна.

25.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино.

25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно.

16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:

  • а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд;
  • б/ ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;
  • в/ зохион байгуулалттай цуваагаар яваа үед.

Тайлбар: Зорчих хэсгийн захаар байрлан явахдаа зохион байгуулалттай цуваагаар яваа тохиолдолд нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэн явж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн ар араасаа цуварч явна.

25.5. Энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно.

25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна.

25.7. Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно.

25.8. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараахь зүйлийг хориглоно:

  • а/ зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцох;
  • б/ залуурыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;
  • в/ унадаг дугуй, мопедын овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх;
  • г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх;
  • д/ 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх;
  • е/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг тээвэрлэх;
  • ж/ зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.

Тэгвэл дээрх дүрмийг зөрчсөн тохиолдолд ямар
хариуцлага хүлээх вэ?

Зөрчлийн тухай хуулийн 14-р бүлэг, 7-р зүйл нь бүхэлдээ "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих"-д ямар хэмжээний торгууль шийтгэл ноогдуулах талаар дурьдсан байдаг.

Эндээс үзэхдээ та нэг нэгжийг мянган төгрөгөөр тооцно. Жишээ нь "Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Гэхдээ дугуй, скүүтер зэргийн талаар тодорхой заалтууд хараахан байхгүй.

Австрали улсад скүүтер унах дүрэм гарчээ

Зарим улс орнууд шаардлагатай хууль тогтоомж, дүрмийг гаргасаар байна. Манай улс шиг дугуйн зам цөөтэй улсад явган хүний замаар зорчиж, осол аваар гаргах магадлал өссөөр байгаа тул үүнтэй адил дүрмийг гаргах зайлшгүй шаардлага байсаар байгаа.

Тухайлбал, Австрали улс скүүтерийн дүрмийг гаргажээ.

Скүүтер унах дүрэм:

  • Хамгаалалтын малгай өмсөнө
  • 16-аас дээш насныхан унана. 12-15 насныхан бол насанд хүрэгчдийн хараа хяналтан дор унах боломжтой.
  • Хүн тээвэрлэж болохгүй (Том хүн хүүхдийн хамтаар суухыг хориглоно)
  • Скүүтер унаж байх үедээ гар утас хэрэглэхийг хориглоно
  • Явган хүний зам даар 12 км/ц хурдлах боломжтой, бусад замд 25 км/цаг хүрч болно.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унахыг хориглоно

Дээрх дүрмийг хэрэгжүүлээгүй тохиолдолд торгууль тавина гэдгийг анхааруулсан байна. Торгууль нь заалт тус бүр дээр өөр өөр байх ажээ.

Торгууль:

  • Хурд хэтрүүлвэл 619 доллар
  • Хамгаалалты хэрэглээгүй бол 154 доллар
  • Скүүтер унаж байхдаа гар утас хэрэглэсэн бол 1161 доллар
  • Хүүхдээ хамт авч явсан бол 154 доллар
  • Хориглосон зам дээр зорчсон бол 185 доллар
Сард 200-аад цаг илүү цагаар ажилласан эмч амиа хорложээ
Сард 200-аад цаг илүү цагаар ажилласан эмч амиа хорложээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.