П.Эрхэмбулган: Үерийн голомтод ажилласан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчин илэрсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Эрхэмбулган: Үерийн голомтод ажилласан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчин илэрсэн

/2023.08.10/: Дулааны улиралд болон үерийн дараа хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин нэмэгддэг.

Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний тохиолдол илэрчээ. Энэ талаар болон үерийн дараах халдварт өвчний эрсдэл болон ариутгал, халдваргүйжүүлэлтийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Үерийн голомтод ажиллаж байсан хүмүүсээс гэдэсний халдварт өвчин илэрсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ жилийн хувьд улирлын чанартай халдварт өвчний тохиолдол хэвийн хэмжээнд байна. Яг үерийн голомтод байгаа айл өрх, иргэдээс гэдэсний халдварт өвчний тохиолдол илрээгүй. Харин үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд ажиллаж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний 16 тохиолдол илэрсэн. Эдгээр алба хаагчид хөнгөн болон хүндэвтэр оноштойгоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.

-Уруйн үерийн гамшгийн үеэр ажиллаж буй алба хаагчдын эрүүл ахуй, халдвар хамгаалалтад мэргэжлийн байгууллагын зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн гамшгийн дараах үр дагаврыг арилгахаар 23 байгууллагын 1100 орчим алба хаагч 96 дахь цагтаа чиглэлийн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, эрүүл мэнд, тохижилт, үйлчилгээ, цахилгаан түгээхийн ажилтан, алба хаагчид дөрөв дэх өдрөө тасралтгүй ажиллаж байна. Ажиллагаанд оролцож буй алба хаагчдыг хувийн хамгаалах хувцас хэрэглэлээр ханган, халдвар хамгааллын зөвлөмж, зөвлөгөөг тогтмол өгч буй. Мөн ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагч бүрд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа.

-Гэдэсний халдварт өвчний түгээмэл шинж тэмдгүүдийн талаар дурдвал?

-Гэдэсний халдварт өвчний түгээмэл шинж тэмдэг нь халуурах, дотор муухай оргих, суулгах, бөөлжих, булчин татах байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд иргэд өөрсдөө дур мэдэн арга хэмжээ авах бус, мэргэжлийн байгууллагад хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хувийн ариун цэврээ сахих шаардлагатай. Тухайлбал, гараа тогтмол савандаж угаах, үерийн усаар бохирлогдсон ус ашиглахгүй, хүүхдүүдээ бохир орчинд тоглуулахгүй, гадуур өмссөн хувцсаа тогтмол цэвэрлэн, амны хаалт хэрэглэснээр гэдэсний халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс үерийн голомтод байгаа айл өрхүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг нэг бүрчлэн хүргэж байгаа.

-Үерийн гамшгийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байна вэ?

-НОК-ын Шуурхай штабаас үерийн голомтод байгаа айл өрхийн хашаа, ариун цэврийн байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд өдөрт хоёр удаагийн давтамжтай ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа. Одоогоор 50 мянган ам метр гудамж талбай, 205 айл өрхөд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. Ариутгалыг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн компаниуд НЭМГ-ын эрүүл ахуйн байцаагч нарын хяналт дор тогтмол хийж буй. Иргэд өөрсдөө гэрийн нөхцөлд ариутгал хийхдээ хлорын суурьтай шахмал бодисыг зохих тун, хэмжээгээр нь усанд найруулж, халдваргүйжүүлэх боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.