/2023.07.25/: АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц Өмнөд Солонгос дахь тэнгисийн цэргийн баазад ирснээс хойш хэдэн цагийн дараа Хойд Солонгос зүүн эргийн ойролцоох тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан тухай Сөүл, Токио мэдээлсэн байна.
Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногоос хойш гурав дахь удаагаа пуужин хөөргөхдөө даваа гарагийн шөнө 23:55 цагаас шөнө дунд хүртэл нийслэл Пхеньян хотын ойролцоох бүсээс пуужингаа дараалан харвасан гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв.
Хоёр пуужин хоёулаа Солонгосын хойгийн зүүн эргийн ойролцоох усанд буухаасаа өмнө 400 км зам туулсан гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын пуужин хөөргөсөн нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж буй “ноцтой өдөөн хатгалга” гэж мэдэгджээ.
Японы Батлан хамгаалах яам мөн Хойд Солонгос баллистик пуужин харвасан гэж мэдэгдэв. Олон тооны пуужин харвасан байж магадгүй гэж Японы засгийн газрын эх сурвалжаас иш татан Японы хэвлэлүүд мэдээлэв.
Уг пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж Японы олон нийтийн NHK суваг албаны хүмүүсийн иш татан мэдээлэв.
АНУ-ын цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц USS Annapolis нь дайсны хөлөг онгоц, шумбагч онгоцыг устгах үндсэн үүрэгтэй, цөмийн реактороор ажилладаг ч ердийн зэвсгээр зэвсэглэсэн байдаг аж.
Аннаполисын айлчлал нь USS Kentucky хөлөг Өмнөд Солонгост ирсэн АНУ-ын анхны цөмийн зэвсэгтэй шумбагч онгоц болсноос хэд хоногийн дараа болж байгаа юм.
БНАСАУ Кентаккигийн энэхүү айлчлалд дургуйцэн, ингэж байрлуулж байгаа нь цөмийн зэвсэг ашиглах үндэс болно гэж анхааруулав. Мөн Өмнөд Солонгос болон АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудын эсрэг цөмийн цохилт өгөх боломжтой гэдгээ илт харуулахын тулд баллистик болон далавчит пуужин харвасан гэжээ.
Эх сурвалж: Aljazeera