/2023.07.25/: Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдааныг нийслэлийн дүүргүүдэд ээлжлэн зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн шуурхай хуралдааныг ОСНААУГ-аас явуулсан тухайгаа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлжээ.
Тэрбээр,
"Долоо хоногийн шуурхай хуралдааныг Улаанбаатар хотын оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж халаалт, халуун, хүйтэн усаар хангах, бохир усыг татан зайлуулах зэрэг ажлыг 24 цагаар гүйцэтгэж байгаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас удирдан явуулж байна.
2000 гаруй ажилтан, албан хаагчидтай тус байгууллагад хүний нөөцийн хөдөлгөөн хамгийн их хийгдэж, нийт ажилтан албан хаагчдын 70.2 хувийг эзэлж байгаа сантехникийн засварчин, дуудлагын засварчин, цахилгаанчин, машинист, түгээх төвийн хэсгийн засварчид ажлаас их гарч байгаа харамсалтай мэдээтэй байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт ажилтнуудын 307 буюу 16.3 хувь нь ажлаас гарсан байна. Ажлаас гарч буй шалтгаан нь цалин хангамж муу, гадаад руу ажиллах хүчин болохоор гарч байгаа тохиолдол их байна
Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол баригдана. Үүнд дэд бүтцийн асуудал хамгийн их тулгамдаж байгаа. Энэхүү ажилд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын туршлагатай ажилтнууд хэрэгтэй байна. Цалин хангамжийг үе шаттайгаар хууль эрх зүйн хүрээнд нэмсээр байгаа. Цаашид ч цалин, нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх, ажилтан албан хаагчдыг мэргэшүүлэх чадавхижуулах чиглэлд онцгой анхаарч ажиллах болно" гэжээ.