/2023.7.8/ Үерийн дараа агаарт их хэмжээний тоос дэгдэж, халдварт өвчин дэгдэх эрсдэл нэмэгддэг. НЭМҮТ-ээс гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Ундны усыг бохирдуулахаас сэргийлэх чиглэлээр:
- Ундны усыг баталгаат газраас авч хэрэглэх
- Түүхий ус уухгүй байх, сайтар буцалгаж хэрэглэх
- Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Ус хадгалах савыг зориулалтын угаалгын шингэн, 2%-ийн содийн уусмалаар угааж, наранд хатаах
- Ус хадгалах савыг нарны гэрэл тусахгүй сэрүүн газар хадгалах
- Усны савнаас усаа авахын өмнө гараа угаах
- Ус хадгалах савыг үргэлж таглаатай байлгах
- Хоол, цайны, усны шанага тусдаа байх, шанагаа өлгүүрт өлгөж хатаах
- Өрхийн түвшинд хэрэглэдэг гүний болон гар худгийг хамгаалах суваг шуудуу ухах, битүүмжлэх
- Гар угаах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг ариун цэвэр сахихад шаардлагатай усыг нөөцлөх
Гарын ариун цэврийг сахих чиглэлээр
- Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савантай бүлээн усаар 20 секундын турш сайтар үрж угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
Гэр ахуйн орчинд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх чиглэлээр:
- Ширээ, сандал, тавиур, ор, авдар, телефон утасны аппарат зэрэг эдлэлийг саван, угаалгын нунтгаар сайтар цэвэрлэсний дараа хлор, спирт агуулсан бодисоор арчих буюу шүрших.
- Хүүхдийн тоглоомыг хлор агуулсан угаагч бодис /белизна/-той алчуураар арчих буюу савантай бүлээн усаар угаах, цэвэрлэж болохгүй зөөлөн тоглоом, эд хэрэгслийг хаях.
- Гутал, табчикны улыг 1%-ийн хлорын уусмалаар норгосон алчуурт арчина. Алчуурыг 1%-ийн хлорын уусмалд халдваргүйтгэх.
- Ор, дэрний цагаан хэрэглэл, бохирдсон хувцас зэргийг угаагч бодисоор угаан, наранд хатааж индүүдэх
- Гадуур өмссөн хувцсыг тусад нь ялгаж, угааж цэвэрлэх
Хог хаягдал, нүхэн жорлонгийн бохирдлоос сэргийлэх чиглэлээр:
- Нүхэн жорлонг үерт автахаас сэргийлж эргэн тойронд нь шуудуу ухах
- Бие засах газрын хаалга, хана, бариулыг 1%-ийн хлор агуулсан уусмалаар халдваргүйтгэх
- Ил задгай бие засах газар, бохирын цооног, жорлонг 3%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэх
- Нүхэн жорлонд гэрийн шаахай, гуталтай орохгүй байх
- Хашаандаа болон байрны гадаа байрлах хог хадгалах савыг ус нэвтрэхгүй, шавьж, мэрэгч орохооргүй битүүмжлэл сайтай, тагтай байлгах
- Үүсэн шавхай, лаг шаврыг тухай бүрт нь зайлуулах
- Хүүхдийг гадаа бохирдсон талбай, шавар шавхайд тоглуулахгүй байх
Эх сурвалж: НЭМҮТ