Бага насны хүүхдүүдийн дунд цусан суулга өвчин нэмэгдэх хандлагатай болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага насны хүүхдүүдийн дунд цусан суулга өвчин нэмэгдэх хандлагатай болжээ

/2023.7.8/ Бага насны хүүхдүүд түүн дотроо 5-9 насныхны дунд цусан суулга нэмэгдэх хандлагатай байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлж байна.

Шалтгаан нь, хүүхдүүдийг усны гуталгүйгээр үерийн ус туулуулах, үерийн бохир устай газраар зорчуулах, хувийн ариун цэврээ хангахгүй байгаатай холбоотой ажээ.

Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийх хэрэгтэй. Учир нь үерийн далан, суваг шуудууг бөглөснөөр хүний өтгөн, шингэн үерийн устай хамт урсдаг. Ингэснээр хөрс бохирдож, савханцар, бактер, вирус гээд өвчин үүсгэгч шимэгч, нянгууд тархдаг.

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол гараа бохирдох бүрт нь савантай усаар 20 секундын турш үрж угаах, гадуур хувцас гутлаа гэртээ орж ирээд солих, бохир гараар хүрсэн эд зүйлээ cпиртэн суурьтай ариутгагч шингэн ашиглан ариутгах нь чухал.

Яг энэ үед ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх, түүхий болон болсон бүтээгдэхүүний гамбанз хутга зэргийг тусад нь байлгах, хоол хүнсээ гүйцэт чанаж болгох, ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах, усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байж эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийн хайртай гишүүдээ хамгаалаарай.

Түүнчлэн гэр хорооллын нүхэн жорлонгоос гадаад орчинд тархаж буй нян бактери хамгийн эрсдэл өндөртэй байдаг. Агаараар дамжиж хүний биед олон төрлийн халдварыг дамжуулах өндөр эрсдэлтэй.

Хүнээс ялгарах нэг грамм өтгөнд нэг их наяд нян, бактери байдаг. Тиймээс нүхэн жорлонд байгаа нян хөрсөнд шингэж, гараар дамжин гэдэсний халдварт өвчин үүсгэдэг. Иймд иргэн та гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд тогтмол халдваргүйтгэл хийж, жорлон орох үедээ гэрийн гутал, шаахайгаа сольж өмсөн, гараа сайтар савандаж угааж хэвшээрэй.

Үерийн дараах сэргээн босголт цэвэрлэгээний ажил эхэллээ
Үерийн дараах сэргээн босголт цэвэрлэгээний ажил эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.