/2023.07.07/ Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, хоёр сумын Эрүүл мэндийн төв, ГССҮТ-ийн Түлэнхийн төв туулах чадвар сайтай, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх бүрэн тоноглогдсон “Ниссан Патрол” загварын түргэн тусламжийн автомашинтай боллоо. Энэхүү ёслолд ХӨСҮТ-ийн талбайд болж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки болон ЭМЯ, эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцов.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ёслолын үеэр хэлсэн үгэндээ Япон улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 1991 оноос хойш Төслийн бус буцалтгүй тусламж, Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр болон “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдал” хөтөлбөрөөр дамжуулан үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг онцлоод “Дэлхий нийтийг хамарсан коронавирус КОВИД-19-ийн цар тахлын үед Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд зориулж 2020 оны зургадугаар сард олгосон 1.0 тэрбум иенийн буцалтгүй тусламжийн хүрээнд Япон улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашин болон эмнэлгийн бусад хэрэгслийг олгохоор тусгаж, тоног төхөөрөмжүүдийг 2021 оны 4-р улирлаас нийлүүлж эхэлсэн. Өнөөдөр гардуулж буй туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон “Ниссан Патрол” маркийн 24 машиныг бүх аймгийн Нэгдсэн эмнэлгээс гадна Өвөрхангай аймгийн Богд, Баянхонгор аймгийн Баацагаан сумын ЭМТ, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд өгч байгаа юм. Аймаг орон нутаг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай болсноор эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чадавх сайжирч, улмаар өвчтөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Манай улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж, салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Япон улсын Засгийн газар, Японы ард түмэнд Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээсэн юм.
Япон Улсын Засгийн газраас коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд 1,0 тэрбум иенийн Төслийн бус буцалтгүй тусламжийг олгохоор 2020 оны зургадугаар сарын 17-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан.
Энэхүү Төслийн бус буцалтгүй тусламжаар коронавирусийн цар тахлын үед өвчнийг хянах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхээр болсны дагуу нийт санхүүжилтийн 59,37 хувийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийг эмчилгээ, оношлогооны нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахад, 31,32 хувийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлэгт, 3,91 хувийг Онцгой байдлын ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ дагуу тус улс эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, түргэн тусламжийн машин нийлүүлэх ажлаа ийнхүү бүрэн гүйцэтгээд дуусч буй юм.
Япончууд эрүүл мэндийн салбарт дахин туслав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.