/2023.06.23/: Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал
Монгол банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн: Монгол банкнаас санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны нөхцөл байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг 13 хувь хэвээр нь хадгалах шийдвэр гаргалаа.
Инфляци энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 11,3 хувь, Улаанбаатар хотын хэмжээгээр 10,9 хувь гэж тодорхойлогдсон ба энэ нь хүнсний үнэ өсөж, үйлчилгээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, импортын бараа бүтээгдэхүүний үнэ буурах хурд удаан байгаатай холбоотой. Инфляцийн төлөв Монгол банкны төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байгаа боловч цаашдаа буурах хурд төсөөлж байснаас удааширч болзошгүй байна.
Дотоодын буюу импортын бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, валютын цэвэр дотогшлох урсгалыг үргэлжлүүлэн сайжруулах, төрөөс хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнтэй байдлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзээд бодлогын хүүг хэвээр нь хадгалах шийдвэр гаргалаа.
Засгийн газраас төсвийг 1.8 их наядаар нэмж тодотгож, өнгөрсөн долоо хоногт баталлаа. Төсвийн тодотголын тал хувь буюу 900 тэрбум нь цалингийн өсөлт, бусад нь тэтгэвэрийн нэмэгдэлт , халамжийн өсөлт болж байна.