/2023.06.19/: Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, И-Монгол Академийн захирал Б.Мягмарнаран нар Бүгд найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн бүсийн газрын захирал ноён Мати Мурд тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд И-Монгол Академийн зүгээс Монгол Улсын төрийн үйлчилгээний цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн үйлчилгээнд хийгдэж байгаа шинэчлэл болон төрийн цахим шилжилтийн үр дүн иргэд болон аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж байгаа талаар Эстони Улсын төлөөлөгчдөд танилцуулга хийв.
Мөн Монгол Улсад төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд Эстони Улсын цахим засаглалын туршлага үнэтэй хувь нэмэр болсоныг онцлон дурьдаж, талархал илэрхийллээ.
Талууд цаашдаа цахим шилжилт, кибер аюулгүй байдлыг хангах болон мэдээллийн технологийн салбарийн мэргэжилтэн, боловсон хүчинг бэлтгэх хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
Тус уулзалтад Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ханнес Хансо болон Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нар оролцлоо.
Эх сурвалж: ЦХХХЯ