Хиймэл оюун ухааны салбарыг зохицуулах ЕХ-ы хуулийн төслийн онцлох заалтууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиймэл оюун ухааны салбарыг зохицуулах ЕХ-ы хуулийн төслийн онцлох заалтууд

E.U. Takes Major Step Toward Regulating A.I. - The New York Times

/2023.06.19/: Өнгөрсөн лхагва гарагт Европын холбооны эрх бүхий албан тушаалтнууд цаашид хиймэл оюуны (AI) салбарыг зохицуулах нарийн чанд эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдэг дээр санал хурааж, нэгдсэн байр сууринд хүрлээ гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

‘AI Act’ буюу AI салбарын хуулийн шинэчлэгдсэн төсөлд хиймэл оюуны программуудыг биометрик мэдээлэл цуглуулахад ашиглахыг хориглох, мөн ChatGPT зэрэг системүүд ашиглан үүсгэсэн агуулгад, AI ашиглаж үүсгэсэн гэсэн таних тэмдэг байршуулах зэрэг сонирхолтой заалтууд багтжээ.

Хэдийгээр энэ хуулийн төслийн Европарламентад хэлэлцэж эхлээгүй байгаа ч энэ нь тус бүс нутгийн эрх баригчид AI салбарын зохицуулалт хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байгааг харуулж байгаа юм. Хуулийн төслийг цаашид ЕХ-ны иргэдийг машин сургалтын технологитой холбоотой эрсдэлүүдээс сэргийлэх зорилготой гэж тайлбарлаж байна.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд OpenAI компанийн ChatGPT программ, түүн дотроо GPT-4 хувилбар гарч, янз бүрийн агуулга үүсгэх чадвартай (generative AI)-гаас гадна ухаант хүн шиг яриа өрнүүлж чаддаг хиймэл оюуны программууд олноор мэндэлж байгаад технологийн салбарын зарим нөлөө бүхий эрхэмүүд санаа зовниж байгаагаа илэрхийлэн, нээлттэй захидал хүртэл илгээгээд удаагүй байгаа энэ цаг үед уг хуулийн төсөл яригдаж байгаагаараа ихээхэн онцлогтой. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход, AI-д зориулсан Европын Холбооны хуулийн төсөл нь ChatGPT-н дуулианаар гэнэт санаачлагдсан эд биш, тодорхой гишүүдийн хүрээнд 2 жилийн өмнөөс боловсруулагдаж, өргөн баригдаад байгаа хуулийн төсөл билээ.

“Технологийн томоохон компаниуд өөрсдөө хүртэл бүтээсэн AI системүүд дээрээ сэрэмжлүүлэг өгөөд байгаа энэ үед Европын хууль тогтоогчид нийгмээсээ нэг алхамаар түрүүлж бодож сэтгэн, AI-н учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтад санаа тавьж байна” гэж хуулийн төслийн хамтран өргөн баригч Брандо Бенифей мэдэгджээ.

Хуулийн төсөлд хамгийн сүүлд нэмэгдээд байгаа шинэ заалтууд гэвэл дээр дурдсанчлан, AI программ хөгжүүлэгчдийг олон нийтийн сүлжээ зэрэг сангуудаас хэрэглэгчдийн фото зургийг зөвшөөрөлгүй татаж авч, биометр өгөгдөл цуглуулах, түүнийг цаашдын хөгжүүлэлтэд ашиглахыг хориглох юм. Тухайлбал, Clearview AI нэртэй компани дээрх аргаар олон сая хэрэглэгчдийн фото зургийг цуглуулж, царай танилтын систем хөгжүүлэхдээ ашигласан нь 2020 онд тогтоогдож, хувь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс ширүүн шүүмжлэлд өртөж байв. Гэвч Ройтерс агентлагийн шинжээчид Европын зарим улс орнууд биометр өгөгдөл цуглуулахтай холбоотойгоор AI хөгжүүлэлтийг хавтгайгаар нь хориглохыг дэмжихгүй байх магадлалтай гэжээ.

European Union Approves Draft Law To Regulate AI - Here's How It Will Work

Мөн өөр нэг шинэ заалт нэмэгдэж байгаа нь AI хөгжүүлэгч компаниудаас нээлттэй, ил тод байдал шаардсан зохицуулалт билээ. Тухайлбал, Midjourney зэрэг визуал дүрслэл үүсгэгч хиймэл оюуны системүүдийг ашиглан үүсгэсэн зураглал, дүрс дээр AI ашигласан гэдгийг тодорхойлох ямар нэг тэмдэглэгээ байршуулахыг хуулиар шаардах юм. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх буюу машин сургалтдаа ашигласан зохиогчийн эрхтэй материалуудын нэгдсэн жагсаалт гаргаж өгөхийг ч мөн хуулиар шаардах төлөвтэй байна. Хэвлэлийн компаниуд энэ заалтыг дэмжиж байгаа хэдий ч New York Times-ийн технологийн мэргэжилтнүүд дээрх зохицуулалтыг амьдрал дээр хэрэгжих боломж муутай гэж үзэж байгаа аж.

Künstliche Intelligenz: Wie steht es um den AI-Act der EU?

Хууль одоогийн төслөөрөө батлагдвал, цаашид AI хөгжүүлэгчид өөрсдийнх нь бүтээсэн системийг ашиглан, хуульд харшилсан контент үүсгэхээс сэргийлсэн хамгаалалтын механизм давхар бүтээх шаардлагатай ба “өндөр эрсдэлтэй” аппликэйшн, программууд хөгжүүлж байгаа бол эргээд тэдний бүтээл нь хувь хүний эрх болоод хүрээлэн буй орчинд ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх эсэхийг сайтар үнэлэх хэрэгтэй болох юм. Одоогийн хуулийн төслөөр бол сонгуулийн үеэр сонгогчдын сэтгэлзүй болон сонголтод нөлөөлж болзошгүй программуудыг “өндөр эрсдэлтэй” ангилалд оруулахаар байна. Мөн 45 саяас дээш хэрэглэгчидтэй буюу Meta, Twitter зэрэг платформууд ч энэ ангилалд багтах болно гэжээ.

Ройтерс агентлаг мэдээлснээр энэхүү хуулийн төслийг IBM, Microsoft компаниуд талархан хүлээж авч байгаа ч, яг тухайлсан заалтууд дээр сайжруулалт хийж, илүү тодорхой болгоно гэж найдаж байгаа аж. Microsoft компанийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ярихдаа “Хиймэл оюуны салбар нь эрхзүйн тодорхой зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, олон улсын түвшинд энэ талаарх нэгдсэн ойлголцол бий болохын хажуугаар энэ чиглэлийн компаниуд ч сайн дураараа үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд нийцүүлэхэд хүчин зүтгэл гарган ажиллана гэдэгт бид итгэж байгаа” гэсэн байна.

Meta presents its AI LLAMA: its vision of artificial intelligence for  researchers - Gearrice

Харин Meta компани AI салбарын хөгжил нь тийм ч их эрсдэл дагуулна гэж үзэхгүй байгаа гэдгийг тус компанийн AI хариуцсан ахлах эрдэмтэн Ян Лекун өнгөрсөн Лхагва гарагт Парис хотод хийсэн хэвлэлийн хурал дээрээ “Хиймэл оюун ухаан хөгжихийн эцсийн үр дүн нь хүн төрөлхтөн илүү ухаалаг болоход оршиж байгаа тул энэ салбарын жам ёсны хөгжил нь илүү сайн үр дүнд л хөтөлнө” гэж хэлснээс дүгнэж болох юм.

Мөн зарим шүүмжлэгчид хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжсөнөөр хүн төрөлхтөн мөхлийн аюулд ирээд байна үзэж байгаа цөөн хэдэн хүн л сүржигнэж байгаа ба Microsoft, OpenAI зэрэг энэ салбарт нэгэнт байр сууриа олсон компаниуд төр засагтай нийлээд, өөрсдөдөө таарсан хууль эрхзүйн зохицуулалт хийлгэж, өрсөлдөөнийг боомилж магадгүй гэж үзэж байна. Ялангуяа АНУ-ын Конгрессоор энэ төрлийн хууль батлагдвал зөвхөн том компаниудад давуу тал үүсч, жижиг бизнесүүд, гарааны компаниудын өсч хөгжих боломжийг хаах эрсдэлтэй гэсэн байр суурьтай байгаа билээ

Энд яригдаж байгаа ЕХ-ний хиймэл оюуны тухай хуулийн төсөл анх 2021 оны 4-р сард боловсруулагдаж өргөн баригдсан ч өдийг хүртэл хэлэлцэж, батлагдахгүй удаж байгаад зарим хүмүүс сэтгэл дундуур байгаа ч энэ салбарын хөгжил нь өдрөөр өөрчлөгдөж, асар хурдацтай шинэчлэгдэж байгаагаас болоод хууль тогтоомжийн заалтуудыг тэр бүрд шинээр нэмэлт өөрчлөлт хийж засахаас өөр аргагүй болж байгааг үгүйсгэхгүй. Европын Холбооны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан Тьерри Бретоны хувьд алгуурлаж байхын яаралтай хуулиа баталсан нь дээр гэж үзэж байна. “Хиймэл оюун ухааны хөгжил нь нийгэм, эдийн засаг, ёс зүйн олон асуудал араасаа дагуулж байгаа. Тиймээс бид эргэлзэж тээнэгэлзэхийн оронд хурдан шуурхай сэтгэж, хариуцлагатай ажилламаар байна” гэж тэрээр мэдэгджээ.

Технологийн салбарын шинжээчдийн үзэж байгаагаар Европын Холбооны бүх гишүүн орнууд энэ хуулийн талаар нэгдсэн байр сууринд хүрч, эцэслэн батлагдах үйл явц энэ жилдээ лав багтаж амжихгүй байх магадлалтай ажээ.

Эх сурвалж: https://arstechnica.com/information-technology/2023/06/eu-votes-to-ban-ai-in-biometric-surveillance-require-disclosure-from-ai-systems/

Уганда улсын дунд сургуульд халдлага болж 40 хүн амь үрэгджээ
Уганда улсын дунд сургуульд халдлага болж 40 хүн амь үрэгджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.