/2023.06.19/: Өнгөрөгч баасан гарагт Уганда улсын нэгэн дунд сургуульд Исламын дайчдын халдлага болж 40 орчим хүн амиа алджээ.
Эрх баригчид уг халдлагад “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой зэвсэгт дайчдыг буруутгаж байгаа юм.
Холбоотны ардчилсан хүчин (ADF) 1990-ээд онд байгуулагдсан бөгөөд лалын шашинтнуудыг хавчиж байна хэмээн Угандагийн ерөнхийлөгч Йовери Мусевенигийн эсрэг зэвсэгт мөргөлдөөн хийж эхэлсэн юм.
Тус бүлэглэлийнхэн ихэвчлэн хөрш зэргэлдээ Ардчилсан Конго улсад байрладаг байна.
Баасан гарагт халдлага гарсан Мпондве Лхубириха дунд сургууль нь хилийн ойролцоо байдаг аж.
Исламын дайчид сургууль руу нэвтрэн орж гал тавин хамгаалалтын ажилтнууд болон багш сурагчид руу гал нээж эхэлсэн байна. Халдлагын улмаас цогцоснуудыг танихад хүндрэл учирч байгаа бөгөөд 6 хүүхдийг сураггүй алга болсон гэж үзэж байгаа гэв.