/2023.06.12/: АНУ-ын Аризона мужийн Сан хотод (Sun City) өндөр настнуудад зориулсан автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл явах болсон нь хүмүүс жолоо барих шаардлагагүй болоход улам ойр болсныг илтгэж байна.
Автомат жолоодлогын технологи хөгжүүлэгч May Mobility болон Via компаниуд хамтран Valley wAVe нэртэй энэхүүү үйлчилгээг санал болгож, эхний ээлжинд бүрэн автомат жолоодлоготой 2 ширхэг Toyota Sienna автомашиныг дээрх зориулалтаар өндөр настнуудад ашиглуулахаар болж байгаа юм. Өндөр настнуудыг тээвэрлэх үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд машинаа дуудахдаа зориулалтын аппликэйшн ашиглах буюу ажлын өдрүүдэд утасны операторт өглөөний 7 цагаас оройн 17 цагийн хооронд залгаж, дуудлага өгөх боломжтой ажээ.
Valley wAVe үйлчилгээ нь May Mobility компанийн дэвшүүлсэн “автомат жолоодлоготой нийтийн тээврийн үйлчилгээг аль болох олон хүнд хүргэх” зорилтын нэг хэсэг юм. Энэ талаар тус компанийн засгийн газартай хамтрах түншлэл хариуцсан захирал Дэизи Уолл “Хүртээмжтэй, бүх бүлгийнхэнд зориулсан тээврийн хэрэгслийн үйлчилгээ ямар чухал болохыг бид мэднэ. Ийм үйлчилгээ нь хүмүүсийн амьдралын чанарыг эрс сайжруулах болно. Тиймээс бид автомат жолоодлоготой нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гаргаснаар жолоо барих боломжгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг бүх бүлгийнхэнд хүрч үйлчлэх боломж нээгдэж байна” гэж Axios мэдээллийн сайтад ярилцлага өгөхдөө онцолсон байна.
1960 онд байгуулагдаж байсан Сан хот нь анхнаасаа 55 буюу түүнээс дээш насны идэвхитэй амьдралын хэв маяг бүхий иргэдэд зориулан байгуулсан хот юм. Ахмадын амралт чөлөөт цагт зориулсан төвүүд, гольфын клубүүд зэрэг тэтгэврийн насны ахмадуудыг амьдралын идэвхитэй байлгах зорилготой байгууламжуудаараа алдартай энэ хот өөрийн гэсэн эмнэлэг, худалдааны төвүүд, сүм хийд зэрэг хотод байвал зохих бүхнийг өөртөө багтаасан дүүргүүдтэй.
Хотын иргэдийн дийлэнх нь өндөр настнууд гэдгээс улбаалан, тэдэнд ийш тийш зорчиход тодорхой бэрхшээл сорилтууд тулгардаг байсан бол ийнхүү автомат жолоодлоготой нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлснээр энэ асуудлыг бүрэн шийдэх бололцоотой болжээ.
Axios мэдээллийн вэбсайтад Элизабет нэрээр(өөрийнхөө нэр усыг дурдахыг хүсээгүй иргэн) ярилцлага өгсөн Сан хотын өндөр настан “Миний жолоо барих чадвар муудсан учраас хоёр жилийн өмнөөс биш автомашинаа гаражид нь бүрмөсөн байрлуулсан. Одоо бол цахилгаан хөдөлгүүртэй гольфын тэргэнцрээс өөр унах унаагүй байгаа учир ийш тийш дураараа явах боломж үнэхээр багасаад байна” гэснээс үзвэл энэ хотын иргэдэд өөрөө жолоо барихгүйгээр нийтийн тээвэр ашиглах хэрэгцээ их байдаг нь илт.
Яг үүнтэй төстэй боловч, илүү өргөн хүрээтэй үйлчилгээ Миннесота мужийн Гранд Рапидс хотод нээгдсэн нь маш амжилттай хэрэгжсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн талаас илүү нь 60-аас дээш насныхан, мөн дөрөвний нэг нь тэргэнцэртэй иргэд гээд өөрсдөө бие даан жолоо барих боломжгүй хүмүүс үйлчлүүлжээ.
Valley wAVe үйлчилгээнд одоогоор 2 ширхэг гэр бүлийн зориулалттай автомашин гаргасны нэг нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай зайтай гэнэ. Наран шарлагын газар, худалдааны төв, эмнэлэг зэрэг тогтоож өгсөн 11 буудалд үйлчлүүлэгчдээ хүргэж өгөхдөө, өөр өөр буудлаас нэмж зорчигч авах шаардлагагүй бол анхны зорчигчийг хүссэн газарт нь шууд хүргэж өгдөг гэдгээрээ нийтийн тээврийн автобуснаас ялгаатай.
Мөн өндөр настнууд ухаалаг утас, аппликэйшн хэрэглэх нь тийм ч түгээмэл биш тул утасны дуудлага өгч, автомашинаа дуудах нь үйлчилгээг хүртээмжтэй байлгах гол хүчин зүйл болж байна. Via компанийн захирал Диллон Твомбли мөн утсаараа дуудлага өгөхөөс гадна хүссэн үедээ залгаж, машин хэзээ ирэхийг лавлах боломжтойг ч онцолжээ.
Хэдийгээр тээврийн хэрэгсэл нь бүрэн автомат жолоодлоготой ч тэдгээрийг компанийн операторууд тогтмол хянаж, зорчигчдын асуултанд хариулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нэг асуудал гарахаас сэргийлж ажилладаг гэж Axios вэбсайтын мэдээлэлд дурдсан байна.
Сан хотод энэ үйлчилгээг амжилттай нэвтрүүлж чадвал Сан хөндийн бусад хотууд ч үлгэр жишээ авч, өөрсдийн хотдоо автомат жолоодлоготой нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж May Mobility-ийн удирдлагууд үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: https://www.freethink.com/transportation/autonomous-public-transit-sun-city