/2023.06.06/: Украины өмнөд нутгийн Оросын мэдэлд байдаг томоохон даланг Оросын арми дэлбэлсэн гэж Украины арми мэдэгдэв.
Украины Херсон мужийн цэргийн захиргааны даргаар томилогдсон Александр Прокудин "Оросын арми ээлжит алан хядах ажиллагаагаа явууллаа" гэж Telegram дахь видео бичлэгийн тайлбартаа мэдэгджээ.
"Каховка УЦС-ыг дэлбэллээ. Ус таван цагийн дараа аюултай бүсэд хүрнэ. Аюултай бүсэд нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн" гэж Прокудин мэдэгдээд Днепр мөрний зүүн эрэг дагуух оршин суугчдыг "аюултай бүс нутгийг яаралтай орхихыг" уриалсан байна.
Даваа гарагийн орой даланд үүссэн их хэмжээний цоорхойноос үерийн ус урсаж байгааг харуулсан дроны бичлэг нийтлэгдсэн юм.
Украины өмнөд хэсэг дахь үйл ажиллагааны командлал албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан далан сүйдсэнийг баталж, сүйрлийн цар хүрээг үнэлж, үерт автаж болзошгүй газруудыг тооцоолж байна гэжээ.
Харин ОХУ-ын Нова Каховка хотын дарга Владимир Леонтьев Оросын төрийн мэдлийн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа далан нурсныг үгүйсгэж, үүнийг "утгагүй зүйл" гэж нэрлэжээ.
Бичлэг дээрх далангаас урсаж буй усны урсгал нь Херсон хот болон Днепр мөрний эрэг орчмын бусад хүн ам суурьшсан газруудад томоохон сүйрэлд хүргэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters