/2023.6.5/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар баталснаар УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн тоог 126 байхаар тогтсон.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг дөрөвдүгээр сард өргөн барьсан ч энэ төсөлд багагүй өөрчлөлт орохоор байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуулийг өргөн барьж, энэ сарын 16-н гэхэд УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийх ажээ.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслөөр 78 гишүүн тойргоос сонгогдож, 48 гишүүн намын жагсаалтаар УИХ-д суудал авна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр жагсаалтын нэрсийг гаргахдаа хүйсийг 50/50 хувь байлгана гэж байв.
Гэтэл начир дээрээ жагсаалтад нэрсийг байршуулахдаа дөрвөн хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар тохиролцсон байж болзошгүй байна.
Хүн амын 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэй атлаа хууль тогтоох байгууллагат эмэгтэйчүүдийн тоо хэт цөөн байгаа нь олон сөрөг нөлөөтэй. Яагаад эмэгтэйчүүдийн квот хэрэгтэй байдаг талаар "Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ" хуудаст:
Төрийн бодлого, шийдвэрийн чанар, үр нөлөө сайжирна. Парламентын засаглалыг бэхжүүлэх, иргэдийн төрд итгэх итгэл, шийдвэр гаргах үйл явцыг хууль ёсны болгоход эерэгээр нөлөөлнө. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал хангагдсанаар төрийн бодлого шийдвэр иргэдийн амьдралд ойр болж, бодит үр нөлөө нь сайжирдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хүйс болон жендэрийн онцлогоос шалтгаалсан өөр өөр амьдралын замнал, туршлагатай болдог бөгөөд тэдний дуу хоолой, мэдлэг чадварыг шийдвэр гаргах үйл явцад тусгаснаар нийгмийн бүх гишүүдийн хэрэгцээг тооцсон, илүү олон талт, цогц, үр дүнтэй шийдэл гаргахад хүргэдэг. Ингэснээр улс орны хөгжил, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хамгааллын чиглэлд олон ахиц дэвшил гардаг нь олон судалгаанууд нотолдог хэмээжээ.
МАН хэлсэн үгнээсээ буцаж, эмэгтэйчүүдийн квотыг бууруулах бодлого барьж байгаа эсэхийг энэ долоо хоногт болох УИХ-ын чуулганаар хэлэлцэх Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгээс харж болох нь. Өнөөдрийг хүртэл квот тогтоосноор ямар үр дүн гарч байсныг дараах хүснэгтээс харж болно.
ОН | КВОТ | УИХ дахь үр дүн |
2005 | Анх удаа квотыг санаачилж, 30% байхаар тусгав | |
2007 | Хуулийн өөрчлөлтөөр квотыг хасав | |
2008 | Квотгүй | 3 эмэгтэй гишүүн |
2012 | 20% квот тогтоов | Анх удаа 11 эмэгтэй гишүүн |
2016 | 20% квот | 13 эмэгтэй гишүүн |
2020 | 20% квот | 13 эмэгтэй гишүүн |
ЖИЧ: Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах гэж буй энэхүү эгзэгтэй цаг мөчид тогтолцооны саад бэрхшээлийг даван туулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодитоор бий болгох дэвшилтэт заалтуудыг тус хуульд тусгах саналыг захидлаар уламжлах зорилготой аянд нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.