“Орон нутгийн хөгжлийн сан” гэх ДҮР ЭСГЭСЭН үйл ажиллагаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орон нутгийн хөгжлийн сан” гэх ДҮР ЭСГЭСЭН үйл ажиллагаа

Орон нутгийн хөгжлийн сан бол ардчиллын үнэт зарчмын нэг болох засаглалд иргэдийн оролцоог хангах хөшүүрэг юм.

Өөрөөр хэлбэл, таны амьдран буй орчинд хийж болох бүтээн байгуулалтын саналыг танаас авч, эргээд мэдээлэл өгч ажилласнаар төр-иргэний хамтын ажиллагаа бий болж, иргэд оролцож, хянаж сурах процесс юм.

Харин манай улсад энэ үйл ажиллагааг бүхэлд нь үгүй хийснээр иргэд төрдөө итгэхгүй болж, “Миний санал хэнд ч хэрэг болдоггүй” гэх гутранги үзэлд автах эхлэлийг бий болгожээ.

ОНХС-ийн үйл ажиллагааг жилээр нь календарьчлан харвал:

  • МЭДЭЭЛЭХ ҮЕ ШАТ: Хоёрдугаар сардаа багтаан баг, хороо, сум, дүүргийн мэдээ мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухайн жилд ОНХС-аар хийгдэх төсөл, хөтөлбөр арга хэмжээг мэдээлэх
  • САНАЛ АВАХ ҮЕ ШАТ: Зургаадугаар сардаа багтаан дараагийн жилдээ ОНХС-аар ямар төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хийх вэ гэдэг дээр иргэдээс санал авах
  • БОЛОВСРУУЛАХ ҮЕ ШАТ: Долоодугаар сардаа багтаан тухайн жилийнхээ эхний улиралд бүрдсэн ажлын хэсэг хөтөлбөр, төсөл, арга хэмжээг нэгтгэн эрэмбэлж, нэгдсэн жагсаалтыг боловсруулах
  • ТАЙЛАГНАХ ҮЕ ШАТ: тухайн жилдээ багтаан сум, дүүргийн засаг дарга нь хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт буюу тэрхүү жагсаалтад багтсан ажил, багтаагүй ажлын талаарх тайлбар, мэдээллийг хүргэнэ.
  • БАТЛАГДАХ ҮЕ ШАТ: Ингээд улсын төсвөөр хэлэлцэгдэж, оны эцэст төсөв нь батлагддаг.

Харин иргэдийн төрдөө үл итгэх гутранги үзлийн эхлэл болж буй гэх утга нь дээрх үргэлжилсэн үйл ажиллагаа үндсэндээ хэлбэр төдий явагддаг гэсэн үг.

ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН "ҮЙЛИЙГ ҮЗДЭГ", ИРГЭДИЙН
ДУРГҮЙЦЛИЙГ ТӨРҮҮЛДЭГ

Мэдээлэх үе шатанд хороо, дүүргийн мэдээллийн хэрэгслээр тухайн жилд хэрэгжих төсөл хөтөлбөрийн мэдээлэл нийтлэгддэггүй. Хороо, дүүргийн иргэд байтугай, хороо дүүргийн ажилтнууд нь ч энэ талын мэдээлэл огт байдаггүй. Хэд хэдэн хороодын ажилтнуудтай уулзахад “Энэ жил ямар ажил хийх гэж байгаа талаарх мэдээлэл дүүргээс манайд огт ирдэггүй” гэсэн юм.

Санал авах үе шатанд иргэдээс и-монголиа болон ОНХС гэдэг апп-аар дамжуулан санал авна гэдэг ч үнэндээ иргэд саналаа өгөхгүй нь ихэнхдээ. Саналаа өгөхөөр апп руу нэвтэрсэн ч саналын асуулгууд ойлгомжгүй, юунд саналаа өгөх нь тодорхойгүй. Иргэдээс асуусан асуулт дотор ТЭЗҮ-д тусгагдахаар буюу “Таны санал ямар хэмжээний эдийн засгийн үр өгөөжтэй вэ” зэрэг хуурай асуулт байгаа нь иргэдийг төөрөгдүүлдэг. Тиймээс шууд сонгох сонголттойгоор нь “Гэрэлтүүлэг”, “Камержуулалт” зэрэг хариултыг бөглөж, улмаар дүүрэг, нийслэл дур зоргоор ажиллах боломжийг бүрдүүлдэг байна.

Мөн санал өгөхийн өмнөх “Мэдээлэх шат” ажиллаагүй тул энд иргэд санал өгөхдөө дургүйцдэг.

Боловсруулах үе шат тодорхойгүй, бүрхэг, хэн ямар шаардлагаар яаж саналуудыг боловсруулж байгаа талаарх мэдээлэл байхгүй.

Тайлагнах үе шатанд иргэдэд хэчнээн санал очсон, ямар саналууд нь гээгдсэн талаарх мэдээлэл огт хүрдэггүй. Иргэд саналаа өгсөн ч тэр санал нь яагаад жагсаалтад багтаагүй талаар хэн ч тайлагнадаггүй тул дахин ОНХС-д санал өгөх итгэл үнэмшилгүй болдог, хороо, дүүргийнхэн иргэдийг хуурсан мэт мэдрэмжийг төрүүлдэг.

Хороо бол иргэдийн хувьд хамгийн ойр ажиллаж буй төр юм. Тиймээс дээрх бүх үйл ажиллагаа алдагдсанаар иргэдийн төрдөө итгэх итгэл ийнхүү анхан шатнаасаа унаж байна.

ТӨСӨВ ХАНГАЛТГҮЙ

ОНХС-ийн төсвийн хувьд дүүргийнхэн "ам султай" байдаг. Нэг дүүрэгт, нэг жилдээ 2-3 тэрбум төгрөг ноогдоно. Хотын нэг дүүрэг 150-200 мянган хүн ам, 15-аас дээш хороотой. Ингээд бодвол энэ сангийн үйл ажиллагаагаар хийх зүйлс нь "жижиг сажиг".

Мөн ОНХС-аар хийгдэх ажлыг хэдэн тэрбумын тендэрүүдтэй яг адил зарчмаар явуулдаг тул "Компаниуд оролцох дургүй байдаг", "Хэд хэдэн удаа зарлаад ч компаниуд оролцохгүй байх нь их" гэж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ярьж байлаа.

Ингээд бодвол ОНХС-ийн багахан төсөв нь мөн л энэ сангийн үйл ажиллагааг хэлбэр төдий болгож байгаа хэрэг.

Э.Ганзориг: Харсан бүхнээ гэрчилж, баримтжуулна гэдэг зурагчин хүний хувьд хүнд даваа байлаа
Э.Ганзориг: Харсан бүхнээ гэрчилж, баримтжуулна гэдэг зурагчин хүний хувьд хүнд даваа байлаа
 
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрлээ
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.