/2023.5.18/ Дэлхийн өнцөг булан бүрийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн манлайлагчид "Хил хязгааргүй сурвалжлагчид" (RSF) байгууллагатай хамтран, Хонконгод хоригдож буй "Apple Daily" сонины үүсгэн байгуулагч, нийтлэгч Жимми Лаиг дэмжиж буйгаа илэрхийлж, түүнийг нэн даруй суллахыг уриалсан хамтарсан мэдэгдэлд нэгдэв.
Энэ мэдэгдэлд манай mpress.mn сайт нэгдсэн бөгөөд, нэгдэх болсон гол агуулга нь "Сэтгүүлч хүнийг хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө эрх чөлөөг нь боогдуулж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авах нь байж болшгүй зүйл" хэмээв.
Тэдний дотор 42 орны хэвлэн нийтлэгчид, ерөнхий редакторууд, ахлах редакторууд, тэр дундаа Нобелийн энх тайвны хоёр шагналтан байна.
Энэхүү хүчирхэг хамтарсан мэдэгдэлд Египетээс өгсүүлээд Турк хүртэл, Энэтхэгээс өгсүүлээд Гамби хүртэл, Мьянмараас өгсүүлээд Монгол хүртэл дэлхийн 42 орныг хамарсан 116 хэвлэл мэдээллийн хэрэгслийн манлайлагчид нэгдэв.
Хонконг болон дэлхийн хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлээрээ танигдсан Жимми Лаиг дэмжих зорилгоор RSF энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Сүүлийн жилүүдэд тус нутаг дэвсгэрт эрс доройтоод буй хэвлэлийн эрх чөлөөний цочирдом нөхцөл байдалд анхаарал хандуулахыг мөн зорьсон юм.
RSF-ийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзэн 75 настай Жимми Лаи нь өнгөрсөн 25 жилийн турш хараат бус "Apple Daily" сониноороо дамжуулан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний үнэт зүйлсийг хамгаалахын төлөө хүчин зүтгэсэн юм. 2020 оны 12 дугаар сараас хойш өндөр хамгаалалттай шоронд хоригдож буй Лаиг батлан даалтад гаргахаас удаа дараа татгалзсан юм.
Түүнийг ардчиллыг дэмжих "зөвшөөрөлгүй" жагсаал цуглаанд оролцсон, залилан хийсэн гэх хоёр зүйл ангиар ялласан. Хамгийн ноцтой нь, өдгөө түүнд үндэсний аюулгүй байдлын тухай харгис хэрцгий хуулийн дагуу бүх насаар хорих ял тулгах эрсдэл буй бөгөөд шүүх хурал нь 9 дүгээр сарын 25-нд эхлэхээр товлогдсон.
"Бид Жимми Лаиг хамгаалахын төлөө байна. Хараат бус мэдээ нийтэлснийх нь төлөө түүнийг онилсон гэдэгт бид итгэлтэй байгаа бөгөөд түүний эсрэг үүсгэсэн бүх хэргийг буруушааж байна. Лаиг нэн даруй суллахыг бидний зүгээс уриалж байна" хэмээн уриалгад нэгдсэн талууд мэдэгдээд, өдгөө Хонконгд хоригдож буй 13 сэтгүүлчийг бүгдийг нь суллаж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын болон бусад хуулийн дагуу яллагдсан 28 сэтгүүлчийн хэргийг хэрэгсэхгүй болгохыг уриалсан байна.
Мэдэгдэлд нэгдсэн хүмүүсийн дотор:
2021 оны Нобелийн энх тайвны шагналт Дмитрий Муратов ("Новая газета", Орос) болон Мария Ресса ("Рапллер", Филиппин); "New York Times" сонины нийтлэгч Зульцбергер A.Г, "Washington Post" сонины нийтлэгч Фред Райан, "Politico" сонины Гүйцэтгэх захирал Гоил Шейхолеслами, Ерөнхий редактор Мэттью Камински (АНУ); Крис Эванс ("Telegraph"), Тони Галлахер ("Times"), Виктория Ньютон (Sun), Алисон Филипс ("Daily Mirror") зэрэг Их Британийн томоохон сонины редакторууд; Тед Верити ("Mail" сонинууд), Катарин Вайнер ("Guardian"); "Libération" сонины Ерөнхий редактор Дов Альфон, "L'Express" сонины Ерөнхий редактор Эрик Чол, "Le Monde" сонины захирал Жером Феноглио (Франц); "Süddeutsche Zeitung" сонины Ерөнхий редактор Вольфган Крах, Жудит Виттвер нар, "Die Welt" сонины Ерөнхий редактор Женнифер Вилтон (Герман); "Expressen" сонины Ерөнхий редактор Клас Гранштром (Швед) болон дэлхийн өнцөг булан бүрийн олон олон хэвлэн нийтлэгч байна.
"Хэвлэл мэдээллийн олон улсын хамтын нийгэмлэг хамтран зүтгэгчийг нь онилсон явдлыг хүлцэхгүй гэдгийг харуулах үүднээс бид эдгээр хүчирхэг дуу хоолой бүхий хүмүүсийг нэгтгэсэн юм. Хэвлэлийн эрх чөлөө хаа нэгтээ аюул заналхийлэлд өртвөөс хаа сайгүй ийм нөхцөл үүснэ гэсэн үг. Жимми Лаиг, хоригдож буй бүх 13 сэтгүүлчийн хамт нэн даруй суллаж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хонконгийн хэвлэлийн эрх чөлөөний байдалд учруулсан ноцтой хор хохирлыг арилгахын тулд оройтоогүй дээрээ шуурхай арга хэмжээ авах ёстой" хэмээн RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуа мэдэгдэв.
"Хонгконг нь өдгөө айдас нөмөрсөн хот болжээ. Эрх баригчдыг шүүмжилсэн бүхнийг заналхийлж, яллаж, шоронд хорьж байна. Аав маань ХКН-ын эрх мэдлийн эсрэг үг хэлснийхээ төлөө 2020 оноос хойш шоронд хоригдож байна. Учир нь, тэр өөрийн итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцсэн юм. Аавын төлөө олон хүчирхэг дуу хоолой, Нобелийн шагналтнууд, дэлхийн нэр хүндтэй олон сонин, хэвлэл мэдээллийн байгууллагууд дуугарч буйд үнэхээр их сэтгэл хөдөлж байна" гэж Жимми Лаигийн хүү Себастьян Лаи хэлэв.
Хятад улс өнгөрсөн гурван жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын тухай хууль, бусад хуулиар далайлган Хонконгд 28 сэтгүүлч, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагч, тэдний хамтран зүтгэгчдийг ялласан. Тэднээс 13 хүнийг, түүний дотор Жимми Лаи болон "Apple Daily" сонины зургаан ажилтныг одоо хүртэл хорьсоор байна. Үүний зэрэгцээ тус сонины үйл ажиллагааг хаасан нь Хонконг дахь хэвлэлийн эрх чөлөөг нэгмөсөн үгүй хийх сүүлийн алхам гэж үздэг.
Хонконг нь хориод жилийн өмнө RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр 180 орноос 18-д эрэмбэлэгдэж байсан бол 2023 онд энэ үзүүлэлт огцом буурч, 140-д эрэмбэлэгдэж байна.