iPhone утас хэрэглэгчийнхээ хоолойгоор “өөрөө” ярьдаг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

iPhone утас хэрэглэгчийнхээ хоолойгоор “өөрөө” ярьдаг болно

Хэдхэн өдрийн өмнө Apple компани сонсох, ярих чадвар сул болон харааны бэрхшээлтэй иргэд, уншиж ойлгох чадвар сул хүмүүст зориулсан шинэ функциуд гар утсандаа зориулан хөгжүүлж байгаагаа зарлалаа.

Эдгээрээс хамгийн сонирхол татахуйц нэг шинэ зүйл нь Personal Voice буюу ярих чадвараа алдаж байгаа болон ярианы бэрхшээлтэй хэрэглэгчид өөрийнхөө хоолойг гар утсандаа таниулан суулгаж, iPhone хэрэглэгчийн дуу хоолойгоор ярих боломжтой болох ба хэрэглэгч бусад хүмүүстэй ярихдаа энэ дуу хоолойг ашиглах юм.

Apple компаниас мэдээлж байгаагаар, хэрэглэгч өөрийн iPhone эсвэл iPad дээр тусгайлан бэлтгэсэн текстийг 15 минутын турш унших ёстой. Тус компанийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаан энэхүү өгөгдлийг ашиглан өөрийгөө сургаж, тухайн хэрэглэгчийн дуу хоолой буюу Personal Voice-ийг үүсгэх ажээ.

Мөн тэд энэ үйлдлээ Live Speech үйлдэлтэй уялдаж ажиллахаар зохиож байгаа тул хэрэглэгч бусдад хэлэх гэсэн зүйлээ гар утсан дээрээ текст байдлаар бичээд, өөрийн дуу хоолойгоор бусдад сонсгож болно гэсэн үг.

Мөн тус компани Assistive Access нэртэй харааны бэрхшээл болон уншиж ойлгох чадвар сул хүмүүст зориулсан технологи танилцуулсан бөгөөд гар утасны стандарт аппликэйшнүүдийг дээрх иргэдэд зориулсан энгийн, цөөн үйлдэлтэй болгож, тархинд ирэх ачааллаг бууруулахыг зорьж байгаа гэжээ.

Тухайлбал, Phone болон FaceTime аппликэйшнүүдийг нэгтгэх, Messages, Camera, Photos, болон Music аппликэйшнүүдийг тод өнгөтэй, том текст болон товчлууртай болгох тал дээр ажиллаж байгаа юм байна.

Анх энэ төрлийн нэмэлтүүд iOS 16.2 beta хувилбарт нэгтгэгдэж өнгөрсөн оны сүүлээр гарч байсан дээр дурдсан шинэчлэлүүд энэ оны сүүлээр хэрэглэгчдийн гар дээр очих iOS 17 үйлдлийн систем дээр нэгтгэгдэж гарах ажээ.

Харааны бэрхшээлтэй буюу хараагүй хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлдлийг Magnifier функцид оруулж өгсөн нь текст бичвэртэй ямар нэг биет обьект дээрх бичвэрийг уншуулах үйлдэл юм.

Жишээлбэл, хэрэглэгч өөрийн iPhone болон iPad-ны камерыг нээгээд, богино долгионы зуухны товчлуурууд руу чиглүүлээд, хуруугаараа товчлуур руу заахад тухайн товчлуур дээрх бичигнүүдийг уншдаг байх гэнэ.

Зөөврийн төхөөрөмжүүдээс гадна Maк хэрэглэгчдэд зориулсан нэмэлтүүдээс дурдвал, сонсголын бэрхшээлтэй болон сонсголгүй болсон хэрэглэгчдэд зориулж, iPhone-той хоршин ажиллахаар бүтээгдсэн сонсголын аппаратуудыг Мак компьютертэй зохицон ажиллах боломжтой болгосон, мөн Finder, Messages, Mail, Calendar, Notes программууд дээр текстийн хэмжээг хялбар тохируулах боломжууд нэмж өгчээ.

Үүнээс гадна Safari хөтөч, Messages программ дээр GIF файлыг паузлах, Siri ухаалаг туслахын ярианы хурдыг тохируулах, текст шивж байхдаа Voice Control ашиглах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан программын шинэчлэлүүд орж байгаа аж. Дээр дурдсан бүх шинэчлэлүүд дээр нэмээд одоогийн байдлаар Maк болон iPhone төхөөрөмжүүд дээр Live Captions, VoiceOver дэлгэц уншигч, Door Detection зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гайхалтай функциуд байдгийг энд дурдах нь зүйтэй.

Энэ онцгой функциудыг бид хөгжүүлэх шат бүртээ тал бүрийн хэрэгцээ, хүсэлтийг хамруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэглүүлж үзэж, тэдний санаа бодлыг тусгаж ажилласан гэж Apple компанийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлого, хөтөлбөр хариуцсан дэд захирал Сара Хэррлингэр дээрх мэдээллийг хийхдээ хэлжээ.

Эх сурвалж: https://www.theverge.com/2023/5/16/23725237/iphone-personal-voice-speak-training-accessibility

Номын баярыг  “Номын соёлт ертөнц“ ТББ-тай хамтран зохион байгуулна
Номын баярыг “Номын соёлт ертөнц“ ТББ-тай хамтран зохион байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.