/2023.05.15/: Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгсэл хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ.
Тодруулбал, 2021 оны зургаадугаар сараас эхлэн 46 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай "Г"-г холбогдуулан, мөрдөн шалгаж байгаа аж.
Тэрбээр бусадтэй бүлэглэн эл хэргийг үйлдсэн бөгөөд Хонда Фит, Приус 10, 11, Ниссан Тида зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байжээ.
Уг хэргийг тээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг илрүүлсэн байна.
Тухайн ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж эхэлсэн юм.
Нийслэл хотын хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийн 114 тохиолдлыг бүртгэсэн байна. Харин хэргийн 55.2 хувийг илрүүлж байгаа ажээ. Мөн алдагдсан тээврийн хэрэгслийг 93.8 хувьтай олсон байна.
Эх сурвалж: ЦЕГ