/2023.05.15/: Украины зүүн хэсэгт Оросын цэргийн хоёр ахлах офицер амь үрэгдлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт мэдэгдлээ.
Тус яамны мэдээлснээр хурандаа Вячеслав Макаров, Евгений Бровко нар Донецк мужид цэргүүдээ удирдаж байх үеэрээ амь үрэгджээ. Тэд яг хэзээ, хаана амь үрэгдсэнийг тодорхой заагаагүй байна.
"Мотобуудлагын 4-р бригадын командлагч, хурандаа Вячеслав Макаров тэргүүн эгнээнд байсан тул тулааныг биечлэн удирдсан" гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.
Армийн корпусын цэрэг-улс төрийн ажил хариуцсан орлогч командлагч Бровко "дайсны довтолгоог няцаах" ажилд цэргүүдийг удирдаж байсан бөгөөд "олон хэлтэрхийний шарх авсны дараа баатарлагаар амиа алдсан" гэж яам мэдэгдэв.
Украины Донецк мужид дайны үеийн хамгийн ширүүн тулалдаан үргэлжилж буй Бахмут хот багтдаг юм.
Вагнерын хөлсний цэргүүд зэрэг Оросын арми хот руу хэдэн сарын турш дайрсны улмаас олон мянган хүн гэр орноосоо дүрвэжээ. Орос тус хотыг эзлэн авахын тулд асар их хүн хүчээ урсгасан ч тэд бүрэн хяналтаа тогтоож чадаагүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус бүс нутагт ихээхэн хохирол амсаад байгаа юм.
Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар ням гарагт Телеграмм хуудастаа Бахмутын ойролцоох Оросын 10 гаруй байрлалыг Украины арми эзлэн авч чадСан талаар мэдээлсэн.
Украины зүүн хэсэгт орших Бахмут, Марынка хоёр байлдааны голомт хэвээр байна гэж Украины арми ням гарагт мэдээлэв.
"Дайсан гол хүчин чармайлтаа Лайман, Бахмут, Авдиевка, Марынка чиглэлд чиглүүлсээр байна. Өнгөрсөн хоногт дээрх газруудад нийтдээ 30 орчим байлдааны ажиллагаа явагдсан” гэж цэргийнхэн хэлсэн юм.
Эх сурвалж: CNN