Цахилгаан скүүтэр худалдан авахдаа юу анхаарвал зохилтой вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан скүүтэр худалдан авахдаа юу анхаарвал зохилтой вэ?

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтрал ихэсч, замын түгжрэл нэмэгдсэнээр иргэд унадаг дугуй болон цахилгаан скүүтэр зэрэг өөр бусад боломжит хувилбарыг сонгох болов.

Цахилгаан скүүтэр нь иргэдийг түгжрэлд цагаа алдахаас сэргийлэхийн зэрэгцээ зардал багатай, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн сонголт гэдгээрээ онцлог юм. Урин дулаан цаг ирж, скүүтэр, унадаг дугуйн худалдан авалт нэмэгддэг өдрүүд ирж байгаа учраас бид цахилгаан скүүтэр худалдан авахдаа юу юуг бодолцох хэрэгтэй вэ гэсэн сэдвээр мэдээ бэлтгэлээ.

  1. Чадал ба хурд

Скүүтэр худалдан авахдаа юуны өмнө хүчин чадал болон хурдыг нь харгалзаж үзэх хэрэгтэй. Хөдөлгүүрийн чадлыг илэрхийлсэн Ваттын хэмжээ өндөр байх тусмаа илүү хүчтэй, тэр хэрээрээ хурдтай байхаас гадна, өгсүүр, налуу замд хүч бага алдана гэсэн үг. Ихэнх энгийн скүүтэрүүд 15 км/ц хүртэл хурдалдаг бол өндөр үнэтэй, чадалтай скүүтэрүүд 30 км/ц хүртэл хурдтай хийгдсэн байдаг. Тиймээс зүгээр салхилах байдлаар унах уу, эсвэл өглөө оройд ажил, хичээлдээ унах гэж байгаа юу гэдгээсээ хамааран, хурд хүчээ тааруулж сонгох нь зүйтэй.

  1. Батарейны багтаамж, туулах зай

Скүүтэрийн батарейн багтаамж их байх тусмаа нэг удаагийн цэнэгээрээ туулах зай нь их байна. Ихэнх скүүтэрийн батарей 25 – 50 км туулах цэнэгтэй бүтээгддэг ч энэ үзүүлэлт нь тухайн скүүтэрийн батарейн багтаамж болох ампер/цагийн үзүүлэлт, хэрэглэгчийн биеийн жин, замын нөхцөл байдал, цаг агаараас шалтгаалж, харилцан адилгүй байна. Тиймээс үйлдвэрлэгчийн танилцуулга, гарын авлага дээрх батарейн багтаамж, туулах зайн үзүүлэлтийг шалгах нь дараагийн алхам юм.

  1. Авсаархан байдал

Унадаг дугуй болон цахилгаан скүүтэрийн нэг том давуу тал нь ямар нэг эвдрэл гарах буюу цаг уурын таагүй нөхцөл байдал үүсэхэд тэдгээрийг нийтийн тээврийн хэрэгслээр асуудалгүй аваад явчихдаг авсаархан байдал нь юм. Тиймээс скүүтэрийн өөрийн жин, эвхэгддэг эсэх зэргийг сонирхож судлахад илүүдэхгүй.

  1. Бат бөх байдал

Ямар ч тээврийн хэрэгсэл худалдан авахдаа бат бөх байдал, эдэлгээ даахуйц эсэхийг нь судалж үздэг билээ. Скүүтэрийн хувьд ч мөн адил, үндсэн гол хийцүүд нь бат бөх эсэх, чанартай сайн материалаар хийгдсэн эсэх, мөн тоормозны систем нь найдвартай сайн эд ангиар хийгдэж үү, үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Мөн манай Улаанбаатар хот шиг овон товон ихтэй, бартаа донсолгоотой замаар явахаас өөр аргагүй нөхцөлд скүүтэр чинь suspension буюу амортизатортой эсэхийг сонирхоорой. Скүүтэрийн заагдсан жингийн хязгаарыг хэтрүүлэхгүй байх нь түүний бат бөх эдэлгээтэй байдалд шууд нөлөөлнө.

  1. Аюулгүй байдал

Нэгэнт замын хөдөлгөөнд оролцох учраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрэгслүүд суурилагдсан эсэхийг заавал нягтлах нь зүйтэй. Тухайлбал, урд замаа гэрэлтүүлэх болон хойноо тод гэрэлтэй байх, гэнэт тоормозлоход найдвартай сайн барьдаг тоормозны системтэй байх нь зайлшгүй шаардлага бөгөөд явган хүний замаар явах хэрэгцээ заримдаа гардаг тул машин, явган зорчигчдод сонсогдохоор дуут дохио, хонхтой байх нь чухал.

  1. Үнэ, баталгаат хугацаа

Цахилгаан скүүтэрүүд аль брэндийх вэ гэдгээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байдаг ба үүнд мөн скүүтэрт суурилуулсан тоноглол, үзүүлэлтүүд нөлөөлдөг. Тиймээс 800 мянган төгрөгнөөс эхлүүлээд 5 сая төгрөг хүртэлх үнэтэй скүүтэрүүд дундаас та сонголтоо хийх боломжтой. Ингэхдээ скүүтэрийг ашиглах хэрэгцээ зориулалтаа санхүүгийн боломжтойгоо харьцуулан, шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Мэдээж хэрэг, нэр хүндтэй брэндийн буюу албан ёсны борлуулагчаас худалдан авбал скүүтэр тань баталгаат засварын хугацаатай ирэх бол эсрэгээрээ хувь хүнээс худалдан авч байгаа тохиолдолд ямар нэг баталгаат засварын боломж яригдахгүй нь тодорхой юм.

  1. Худалдан авагчдын сэтгэгдэл

Дээрх бүх алхамуудын дагуу авах гэж буй скүүтэрээ судалж үзсэн бол эцэст нь тухайн брэндийн скүүтэр хэрэглэгчдийн групп, худалдан борлуулдаг вэб сайт дээр хэрэглэгчид ямар сэтгэгдэл, гомдол үлдээснийг уншаад үзэхэд илүүдэхгүй. Учир нь брэнд бүр бүтээгдэхүүнээ сайн гэж сурталчилдаг ч эцсийн үнэлгээг хэрэглэж үзсэн хүмүүс л өгдөг билээ.

Газар эзэмшлийн мэдээллийг ил болголоо
Газар эзэмшлийн мэдээллийг ил болголоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.