"76" Энэ бол тоо. Тоо, тоолол дотроо онцгойрч ялгараад байх юмгүй, зүгээр л нэг тоо. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн тоо. Үндсэн хуульчилсан гэх юм уу. Үндсэн хуульчилсан учраас энэ тооны цаана Монгол төрийн тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүн, хууль тогтоох эрхтэй санал, кноп, тэднээр төлөөлүүлдэг сонгогч, иргэд, цаашилбал, хүмүүсийн хувь заяа, ирээдүй хүртэл багтаж байгаа гэвэл сүржигнэсэн болохгүй байх.
Монгол Улсын парламент Үндсэн хуульд заасан дээрх тоог 152 болгож өөрчлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 76 “хулгайчаа” яая гэж байхад... гэсэн бодол хэн хүнд хамгийн түрүүнд орж ирэх нь мэдээж. Асуудлын гол гогцоо чухамдаа яг энд л байгаа юм. 76 гэх тоо цөөдөж байгаа учир тэд “хулгайч” болчихоод байгаа юм.
Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Харин өнөөдөр засгийн эрх тэдний гарт байна. Учир нь УИХ-ын гишүүд сонгогчдоо бүрэн төлөөлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангаж ажиллах чадамжгүй байгаа юм. “Хотон дахь хонь 1000 хүрэхээр алж идэх хонь олддоггүй” гэж монголчууд ярьдаг. 44-70 мянган сонгогчийг ганц хүн төлөөлж ажиллахад маш олон хүчин зүйл, бодит хүч нөөц дутагдана. Цаг хугацаа, боломж, арга ажиллагаа аливааг хийхэд дутагдаад ирэхээр хүн бэрхшээж, улмаар хаяхад хүрнэ. Мэдээж сэтгэл, хүсэл эрмэлзэл дутагдах явдал ч нөлөөлж байгаа. Ингээд өнөө “алж идэх хонь” шиг сонгогчдоо, иргэдээ төлөөлж ажиллах арга зам нь олдохоо больчихож байгаа хэрэг л дээ.
“Иргэн төвтэй” хүмүүнлэг нийгэм яг мөн үү хэмээн хүмүүс өнөөдөр эргэлзэн асууцгааж байна. Асуухаас аргагүй. Төрийн түшээдийн төлөөлөх чадамж нь сулраад, анхаарлын төвөөс иргэд нь аль хэдийнээ гараад явчихлаар ингэж асуухаас аргагүй. Тэгвэл тэдний анхаарлын төвд хэн байна вэ гэсэн асуулт зүй ёсоор ургана. Нэгэнт 44-70 мянган сонгогчоо “төв”-өөсөө алдчихсан түшээд хоосон суултай биш найз нөхөд, гэр бүлээ, өөрийгөө гээд хүрч, хүрэлцэж чадах хүмүүсээ халамж анхаарлынхаа төвд оруулж эхэлнэ. Ингэж тэд “аргагүйн эрхэнд хулгайч” болцгоосон хэрэг.
Монголын парламент Байнгын хороо, дэд болон түр хороо гэх мэт бүтцүүдэд хуваагддаг. Цаг үеийн ч юм уу, тулгамдсан асуудлуудаар Ажлын хэсэг байгуулна. Нам, эвслийн бүлгүүд бас томоохон бүтэц болж ажиллана. Өнөөдрийн байдлаар 11 байнгын хороо, мөн тооны дэд хороо УИХ-д ажилладаг. Нэг гишүүн гурваас илүүгүй байнгын хороонд, мөн байнгын хорооныхоо харъяалах дэд хороодод ажиллана. Ачаалалтай. Улс оронд асуудал их. 76-уулаа хэд хэдээр нь хувааж аваад ч хүрэлцэхгүй тийм их ажил, асуудал, проблем байдаг. Суурь гэж тооцсон асуудлуудаа шигшээд авахад л гишүүн бүрд дор хаяж нэг сэдэв, асуудал хариуцагдаж байгаа юм. Ингээд тэр хүн тухайн хариуцсан асуудал дотроо “даам” гардаг юм байгаа биз дээ? Энэ “асуудал” бүрийн цаана эдийн засаг, нийгмийн салбарууд, секторууд, бизнесийн харилцаа, эрх ашиг багтаж байгаа бод доо. Тэр бүгдийг “хариуцсан” гишүүнийг хэн ч хянахгүй. Яагаад гэвэл бусад нь ч бас нэг нэг “хариуцсан асуудал”-тай. Бие биений “асуудал”-ыг мэдэхгүй, судлаагүй, мэдсэн байлаа ч оролцохгүй. Өөрийнх рүүгээ оролцуулахгүйн тулд тэр шүү дээ. Ингэж “хяналт” устдаг. Хяналтгүй тогтолцоо тэднийг мөн л “аргагүйн эрхэнд хулгайч” болоход түлхдэг гэсэн үг.
Ажил, асуудлууд болон сонгогчдодоо цөөдсөн, хяналтгүй улстөрчид тэгээд чухам юу “хулгайлдаг” талаар өнөөдөр иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнөө төлөөлөхөө больсон иргэдийнхээ боломжийг, хүүхдүүдийн ирээдүйг, улс орны хөгжлийг хулгайлдаг. Яаж вэ гэхээр парламентын дээрх нүсэр бүтэц гишүүдээ тарамдуулж, үүнээс болоод хуулийг хэт цөөхүүлээ батлахад хүргэж буйтай энэ нь холбоотой. Нэг гишүүний кноп дарж буй хурууны үнэ ханш өндөрт хадна. Ирцийн системд ганц гишүүний процент 5-6, бүр 10 хувиар илэрхийлэгдээд ирэхээр тэр хүн чинь “тэнгэрийн амьтан” болдог юм байгаа биз дээ? Төлөөллөө хангахгүйгээр цөөхүүлээ баталсан хууль цөөнхийн л эрх ашигт үйлчилнэ. Улс орны, нийгмийн олонхи эрх ашигтайгаа цугтаа ийм замаар гудамжинд хаягдаж байгаа юм. “Хууль гаргаж хуу хамдаг” гэж үг бий. Хуульчлагдсан хулгайд хариуцлага тооцох боломжгүй. Ингэж шударга ёс “хог дээр үсэрч” байдаг.
Тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа, авлига хээл хахууль 30-хан жилийн дотор яагаад ингэтэл Монголыг хэрчихэв гэж бид гайхдаг. Засаглалын тогтолцоо буруу, сонгуулийн систем гажигтай байна гэдгийг ойлгож, үүнийгээ засах гэж янз бүрээр оролдож ирсэн маань нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож байсан. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох шийдлийг хэлэлцэж байгаа явдал мөн л засах, залруулах оролдлогуудын маань нэг. Юу ч хийхгүй алдаа завхралтайгаа эвлэрч сууснаас бүтэхээс нь бүтэхгүйг хүртэл оролдох л хэрэгтэй.
Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж буй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ удаагийн шийдэл зөвхөн гишүүдийн тоогоор хязгаарлагдалгүй, сонгуулийн системд холимог тогтолцоог оруулж ирж буйгаараа давуу талтай. Дөрвөн жил тутамд буюу сонгууль болохын өмнө тогтолцоогоо өөрчлөн, ховхорч өгдөггүй, хомхойрч ханадаггүй өнөө хэдэн өвгөчүүлдээ зам засаж байдаг улс төрийн соёлгүй, завхарсан, өмхөрсөн юм үүгээр эцэс болно. Үндсэн хуульдаа холимог арга, түүний тооны харьцааг тогтоочихоор цаашид өөрчлөгдөхгүй. Иргэд сонгогчдодоо ч, улс төрчид, намууддаа ч ойлгомжтой, өрсөлдөөн нь шударга болно. Ингэхгүй бол “дүрэмгүй тоглоом” хаа хүртэл үргэлжилж, “аргагүйн эрхэнд хулгайч” нарыг хэдий болтол өөгшүүлж явахыг таах аргагүй юм.
Өнгөц харахад ганцхан тоо, хоёр ширхэг үгийн солио шиг харагдаж байгаа ч Үндсэн хуульд оруулж буй энэ удаагийн өөрчлөлт өмнөх 30 жилийн алдаа гажуудлыг залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн шинэтгэлийн суурь болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Парламентын төлөөллийн чадамжийг нэмж, хяналт бүрдэх нөхцлийг энэ өөрчлөлтөөр хангаж байж бид өмнөө тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл болох төрд нүүрлэсэн “хулгай”-гаасаа сална. Хулгайлагдсан бүхнээ эргүүлж олно.