/2023.05.08/: Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаал цуглаантай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар хийлээ.
Тэрбээр:
"Олон нийтийн байгууллагын төлөөллөөс тавдугаар сарын 4-ний өдөр дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх жагсаал зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
Манай яамнаас яг одоогийн байгаа олон улсын эмзэг цаг үед төрийн байгууллагын зүгээс уг жагсаалд дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ арга хэмжээнд манай яам болон Засгийн газраас оролцоо байхгүй.
Харин энэ сарын 7-ны өдөр Ново Россия андууд гэдэг Монгол дахь олон нийтийн байгууллага сайн дурын үүднээс оффицеруудын ордны үүдэнд жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаалд бэлтгэл чөлөөнд байгаа болон олон нийтийн байгууллагад орж дэмждэг оффицер ахлагч нар цөөн тоогоор орсон. Энэ бол төрийн байгууллага болон албан хаагчид биш ээ. Энэ бол олон нийтийн байгууллагын гишүүнчлэлтэй цэргийн зарим алба хаагчид байсан юм. Мөн уг жагсаалд оролцож байсан хөгжимчид нь төрийн байгууллагын хөгжимчид биш хувь хүмүүс байсан.
Энэ үед бид хэт нэг талыг барих, талцал хуваагдлыг бий болгох нь маш эмзэг. Ялангуяа гадаад харилцааны нөхцөл байдал, аюулгүй байдлын сорилтын үед ард иргэд маань ухамсартай, болгоомжтой, мэдрэмжтэй хандахыг хүсэж байна.
Батлан хамгаалах яамнаас Ялалтын баярыг тэмдэглэхтэй холбоотой асуудал дээр бид дипломат харилцааны бодлогыг л баримтална" гэв.