Эрдэнэс Тавантолгойн ОРЛОГО 10 их наядад хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэс Тавантолгойн ОРЛОГО 10 их наядад хүрнэ

/2021.08.16/: Монголын нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани цаашид цар хүрээгээ улам өргөтгөхөөр ажиллаж байна. Компанийн орлого 2025 он гэхэд төлөвлөгөө ёсоор 10 их наяд төгрөгөөр хэмжигдэх боломжтой гэж мэдээллээ. Учир нь мөн онд компанийн нүүрс борлуулалтын хэмжээ 47 сая тоннд хүрэх юм. Өөрөөр хэлбэл компанийн орлого ирэх он жилүүдэд “геометрийн прогресс”-оор өснө. 81.5%-ийн төр, 18.44%-ийн иргэдийн эзэмшлийн тус компанийн орлого нэмэгдсэнээр төр болон иргэдэд очих ногдол ашиг өсөн нэмэгдэх сайн талтай.

Компани 2019 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж 2.7 их наяд төгрөгийн орлоготой ажилласан. Одоогийн байдлаар 2019 он бол компанийн үйл ажиллагааны хамгийн сайн үзүүлэлттэй жилээр тооцогддог. Мөн онд улсын төсөвт 736.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингэж ажилласны үр дүнд өнгөрсөн онд 2.5 сая иргэнд 179.8 тэрбум төгрөгийг 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилж чадсан. Энэ нь компани анх удаагаа ногдол ашиг тараасан гэдэг үүднээсээ ихээхэн онцлог үйл явдал байсан.

Өнгөрсөн оны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” нийтдээ 15.5 сая тонн нүүрс борлуулж, 1.68 орчим их наяд төгрөгийн орлоготой ажиллажээ. Үүнээс 1.5 их наяд төгрөг нь борлуулалтын орлого гэж тус компани мэдээлсэн. Мөн цэвэр ашгийн үзүүлэлт 149.4 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн тухай компани танилцуулсан (2021.04.23-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар).

2021 онд тус компани нийтдээ 2.67 их наяд төгрө­гийн борлуулалтын орлого, 541.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг­тай ажиллахаар төлөв­лөж байна. Гэхдээ КОВИД-19-ийн халдварын амаргүй нөхцөлөөс үүдэн хил нэвтрэлт үлэмж удааширч нүүрсний салба­рын экспорт ноцтой хүндэрсэн. Иймд компанийн борлуулалт төлөвлөгөөндөө хүрэхгүй нь ойлгомжтой болоод байна.
Энэ оны зургадугаар сарын дунд үеийн байдлаар тус компани нийт 718 тэрбум төгрөгийн орлого, 709 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээтэй ажилласан байна (шилэн дансны нэгдсэн систем дэх бүртгэлээр).

Улсын нүүрсний экспортын бай­дал хүндхэн үед компани томоохон төсөл хөтөлбөрүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх үүрэг хариуцлага нуруундаа үүрсэн. Энэ онд нийт 2.45 их наяд төгрөгийн төсвөөр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Төмөр зам, холбогдох дэд бүтэц, баяжуулах үйлдвэр болон цахилгаан станцын төслүүд хөрөнгө оруулалтын тэргүүн ээлжийнх юм. Энэ оны эхний зургадугаар сарын дунд үеийн байдлаар, “Эрдэнэс Тавантолгой” компани ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд нэмж 101 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2020 оны эцэс гэхэд тус компани уг төсөлд нийтдээ 883 тэрбум төгрөгийг зарцуулаад байсан. Мөн энэ онд Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн бөгөөд нийтдээ 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа тухай шилэн дансанд тэмдэглэгджээ.

Энэ онд нийт 435 тэрбум төгрөгийн санхүүжилтийг уг станцын төсөлд олгохоор төлөвлөсөн. Мөн шахмал түлшний үйлдвэр болох “Тавантолгой түлш” компанид он гарсаар нэмж 72.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Ингэснээр 2019 оноос хойш тус шахмал түлш үйлдвэрлэдэг компанид зарцуулсан нийт санхүүжилт даруй 341.6 тэрбум төгрөгт хүрээд байна.

Компани өөрийн үйл ажилла­гаанд холбогдох төслүүдээс гадна нийгмийн чанартай болон улс орны стратегийн төслүүдэд хөрөнгө оруулах болсноор өр төлбөрийн хэмжээ хурдацтайгаар нэмэгдэж байна. Компанийн 2020 оны санхүүгийн тайланд дурдсанаар өнгөрсөн оны сүүлийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл 2.04 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоосоо 1.69 их наяд төгрөгөөр нэмэгджээ. 2021 оны сүүлийн байдлаар өр төлбөрийн хэмжээ 3.5 их наяд орчим төгрөгт хүрэх төлөвтэй байна. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг нийтдээ зургаан жилийн турш сунжирсан төлөлтөөр 2017 оны эхний улиралд барагдуулж чадсан юм. Гадаад өр төлбөрөөс ангижирч, нүүрсний ханш өсөхийн хэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлогын үзүүлэлт нь сайжирсан. Харин одоогийн өр төлбөр нь Чалко компанид тавьсан өрөөс хавьгүй том хэмжээнд очжээ. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой”-н төлбөрийн чадвар одоогоор тогтвортой, хэвийн хэмжээнд байгааг компани тодотгожээ. Нөгөөтэйгүүр олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлсний сацуу зах зээлд ханш харьцангуй тогтвортой байх төлөв нь өр төлбөрөө түргэн хугацаанд барагдуулах боломжтой байж болох юм. Гагцхүү Хятадын зах зээлд байр сууриа өргөтгөх зорилт компанийн хувьд хамгийн том сорилт байх нь гарцаагүй.

Бас нэг сонирхолтой үзүүлэлт бол тус компанийн 2020 оны санхүүгийн тайлангийн мэдээллээр хуримтлагдсан ашгийн үзүүлэлт 2019 онд 1.83 их наяд төгрөг байсан нь өнгөрсөн онд 898.3 тэрбум төгрөг болж буурчээ.

Шилэн дансны мэдээллээр өнгөрсөн онд тус компани нийтдээ 2 их наяд 28.9 тэрбум төгрөгийн зарлагатай ажилласан байна. Гэхдээ энэхүү нийт дүнд (буюу тус компанийн 2020 оны шилэн дансны зарлагын гүйлгээнд) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд зарцуулсан 732.9 тэрбум төгрөгийг оруулаагүй буюу тэмдэглээгүй байсныг дурдах нь зүйтэй. 2020 оны хэмжээнд ТТ- Гашуунсухайт чиглэлийн төмөр замд дээрх хэмжээний хөрөнгө зарцуулсан тухай өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар мэдээлсэн. Иймд тус компанийн нийт зарлагын гүйлгээ 2020 онд ойролцоогоор 2.8 их наяд төгрөгт хүрчээ. ТТ-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас гадна 2020 оны хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” нь ТТ-Зүүнбаян төсөлд 526 тэрбум төгрөг, “Тавантолгой түлш” компанид 138 тэрбум төгрөг зарцуулсан нь өнгөрсөн оны хамгийн том хөрөнгө оруулалтаар нэрлэгдэж байна.

Дэд бүтцийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн зарим хэсгийг шийдвэрлэхээр тус компани энэ онд 2 их наяд төгрөгийн бонд босгохоор төлөвлөсөн. Үүний эхний шат болгож 600 тэрбум төгрөгийг гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-ний хооронд амжилттай босгож чадсан. Ийнхүү Монголын нүүрсний хамгийн том экспортлогч дэд бүтцийн томоохон төслүүдийг өөрийн орлого ашиг (хуримтлагдсан ашиг) болон зээл, бондын санхүүжилтээр шийдвэрлэн ажиллаж байгаа нь харагдана. Компанийн мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” -д 2025 оныг дуустал буюу ирэх таван жилд 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай ажээ. Үүний дийлэнхийг компани өөрийн хөрөнгөөр бүрдүүлэх юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 81.5%-ийг төр, 18.44%-ийг иргэд, үлдсэнийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Хэдийгээр “Эрдэнэс Монгол”-ын охин компани боловч хувьцаа эзэмшлийн эрх үүргийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ) гэж явдаг. Тодруулбал, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр 2010 онд байгуулсан. Үүний дараа УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор бие даасан компани болгон Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолоор төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг УУХҮЯ 70%, ТӨБЗГ-т 30%-ийг тус тус хэрэгжүүлэхээр тогтоожээ.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь борлуулалтын орлогоо шилэн дансны нэгдсэн системд оруулсан дүнгээр бол 2020 онд 900 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Харин хувьцаа эзэмшигчдийн хурлаар компани 2020 оны хэмжээнд борлуулалтын орлого нь 1.5 их наяд төгрөгт хүрснийг мэдээлсэн. Эндээс компани борлуулалтын хэмжээгээ шилэн дансны нэгдсэн системд хагас дутуу оруулсан болох нь харагдана.

Шилэн дансны баримтаас үзэхэд 2021 он гарсаар компанийн борлуулалтын орлого 364 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ оны борлуулалтын орлого буюу компанийн нүүрсний экспортын 40%-ийг Хятадын “Чалко” компани худалдаж авсанаар хамгийн том худалдан авагчаар нэрлэгдэж байна.
Шилэн дансны нэгдсэн систем дэх бүртгэлээр тус компани он гарсаар (2021 оны зургадугаар сарын 17-ны байдлаар) улсын төсөвт нийт 102.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2020 оны сүүлээр татварын урьдчилгаа болгож 230 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Энэ онд тус компани улсад нийтдээ 600 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ оны зургадугаар сарын 17-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн олборлолтын зардал 339 тэрбум төгрөгт хүрчээ. Гэхдээ энэ дунд “TTJVCo” буюу ТиТиЖиВиСиӨү компанид өнгөрсөн дөрөвдүгээр сард олгосон 2020 оны ажил үйлчилгээнд хамаарах үлдэгдэл төлбөр болох 100 тэрбум төгрөг багтсан байна. Өнгөрсөн онд тус компанийн олборлолтын зардал 367 тэрбум төгрөгт хүрсэн (ЭТТ-н шилэн дансны бүртгэлд оруулсан).

Эндээс TTJVCo-ийн үлдэгдэл төлбөрийг тооцвол уурхайн хөрс хуулалт, олборлолт, ачилтын зардал өнгөрсөн онд 470 орчим тэрбум төгрөг байсан нь харагдана. Гэхдээ одоо Хятадын “TTJVCo” компанитай хийсэн гэрээний хугацаа дууссан юм. Оронд нь шинэ олборлогчтой гэрээлэхээр болсон бөгөөд тендерийг гуравдугаар сарын дундуур зарласан.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь шилэн, ил тод үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлд салбартаа манлайлан ажиллаж, шилэн дансны хууль хэрэгжүүлэлтээр бусад төрийн компаниудад үлгэрлэж байна. Түүнчлэн компани өөрийн албан ёсны цахим хуудсанд “шилэн компани” гэсэн цэс үүсгэж өгсөн. Энэ ажлыг биелүүлэхэд үндсэндээ 2020 онд олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах гэж байсан нь ихээхэн түлхэц болсон. “Эрдэнэс Тавантолгой” хуулийн үүргээ сайн гүйцэтгэж, шилэн данс хөтөлж буй жишгийг “Оюутолгой” ХХК болон бусад төрийн эзэмшлийн компани биелүүлэх шаардлага, нийгмийн хүлээлт өндөр байна.

Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Тавантолгой”-н Шилэн дансны тухай хуулийн хэрэгжүүлэлтийг 2019 оны байдлаар үнэлж гаргажээ. Тэгвэл тус компани нь (2019 оны байдлаар) Шилэн дансны нэгдсэн систем болон байгууллагын цахим хуудаст байршуулах долоон төрлийн 62 мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулсан байна.

Тус компани нь Шилэн дансны тухай хуулийн 3.1.3-ын дагуу мэдээлэл оруулдаг болохыг Үндэсний аудитын газрын тайланд тэмдэглэсэн. Гэвч тус компанийн шилэн данс хөтлөлтөд хуулийн хүрээнд хязгаарлагдахгүй илүү дэлгэрэнгүй мэдээллүүд багтдаг.

Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-н санхүүгийн үзүү­лэлт харьцангуй тогтвортой байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бол төсөвт татварын орлого бүрдүүлэх үүднээсээ жинхэнэ “саалийн үнээ” гэдгийг бид мэднэ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” нь улс орны стратегийн чанартай төмөр зам, цахилгаан станцын хөрөнгө оруулалтад жин дарж буй гэдэг үүднээсээ хөрөнгө оруулалтын “саалийн үнээ” гэж нэрлэхэд бууруудахгүй болжээ. Цаашид тат­вар бүрдүүлэлтээр улсдаа тогт­мол тэргүүлэх боломж бий. Энэ боломж хөрөнгө оруулалтын үр ашигтай зар­цуулалт, үр өгөөжөөс шууд хамаарна.

Эх сурвалж: Mongolianminingjournal

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд ухаалаг утас бэлэглэнэ
Зорилтот бүлгийн хүүхдүүдэд ухаалаг утас бэлэглэнэ
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.