ХЗБХ: Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхыг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗБХ: Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхыг дэмжлээ

/2022.07.01/: Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шиийдвэрлэлээ.

Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тухайлбал:

-Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох ингэхдээ хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох;

-Согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар тус тус олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгох;

-Согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой албан татварын ялгамжтай бодлогыг хэрэгжүүлэх;

-Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байх, мэдээллийн цахим сан нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сантай холбогдсон байх, Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортлосон, чөлөөт бүс, татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;

-Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээг нэвтрүүлэх, согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох эмгэгтэй хүмүүст хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай байх;

-Согтууруулах ундааны зохистой хэрэглээ болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх;

-Дэлхий нийтийн жишиг, хүний биеийн онцлог, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл болон бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 19 байхаар тогтох;

-Зөвшөөрлийн тухай хуультай хуулийн төслийг нийцүүлэх зорилгоор хуулийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэх зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.

Мөн төслийн 24 дүгээр зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 24.1-д зааснаас гадна гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.” гэсэн 24.2 дахь хэсэг нэмэх, төслийн 39 дүгээр зүйлд “Жил бүр үйлдвэрлэвэл зохих спиртийн доод хэмжээг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэсэн 39.2 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Эх сурвалж: УИХ

АНУ руу зорчиход шинжилгээний бичиг шаардахгүй
АНУ руу зорчиход шинжилгээний бичиг шаардахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.