ФОТО: “Монгол дархан-2022” үзэсгэлэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: “Монгол дархан-2022” үзэсгэлэн

/2022.07.01/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин нар оролцов.

/2022.07.01/: Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жилд тутамд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад Ерөнхийлөгчийн зарлигаар даалгасан байдаг юм.

Энэ жилийн үзэсгэлэнд 100 гаруй уран дархан 150 гаруй бүтээл толилуулснаас “Далайчойнхор хэт хутга” бүтээлээр Г.Хадхүү, “Тэнгэр заяа” бүтээлээр Д.Гэрэл, “Хангарьд хос завьяа” бүтээлээр Б.Отгонбаатар нар шилдгээр шалгарав.

“Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжлагчдыг дэмжих хүрээнд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийг 2023 онд Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа талаар хэллээ.

Тэрбээр, Өнөөдрийн энэ бэлэгт сайн өдөр “Монгол дархан-2022” үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, олны хүртээл болж буйд миний бие туйлын баяртай байна.

Дархан хүний нүдний ур, ухааны ур, гарын урыг шингээж, монгол соёлын утга, бэлгэдлийг хослуулан бүтээсэн олон шилдэг бүтээлийг урлаж энэхүү үзэсгэлэнд оролцож буй дархчууддаа, мөн үзэсгэлэнг зорин ирсэн үзэгч олондоо чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье.

Нүүдэлчин монголчууд эрт үеэс төмөрлөг боловсруулах арга ухааныг эзэмшиж, гоёл чимэглэл, зэр зэвсэг үйлдвэрлэж, хэрэглэж ирснийг монгол нутгаас илэрч олдсон археологийн дурсгалууд нотлон харуулдаг. Түүхийн олон үеийн туршид бидний өвөг дээдсийн бүтээн бий болгосон соёлын биет болон биет бус өвийн гайхамшигт нэгэн илэрхийлэл нь уран дархны урлаг юм.

Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нийт 778 дурсгал батлагдсанаас 60 орчим хувь нь зоос мөнгөн тэмдэгт, угсаатны болон бурхны шашны уран дархны бүтээлүүд байна. Монгол Улсын соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд уран дархны уламжлалт мэдлэг, арга ухаантай холбоотой 8 (Мөнгөн аяга хийх урлал, хэт хутга урлал, Монгол эмээл хийх урлал, Монгол дархны цутгуурын урлал, Цахиур буу хийх технологи, Дархан, мужааны багаж хэрэгсэл урлал, Хөдөлмөрийн багаж зэвсэг урлал) өвийн төрөл зүйл, өвлөн уламжлагчийн бүртгэлд нийт 160 гаруй уран дархчууд бүртгэлтэй байна.

Соёлын яам үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид “Монгол дархны уламжлалт арга ухаан” өвийг хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх тогтолцоог сайжруулахаар зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал, уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөн уламжлагчдыг дэмжих хүрээнд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хуулийг 2023 онд Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.

Түүнчлэн, Соёлын яамны тэргүүлэх бодлого соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд уран дархчуудын бүтээн туурвих авьяас, ур чадвараа хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг боловсруулан, Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэн 3 дахь удаагаа зохион байгуулагдаж, манай улсын шилдэг дархчууд ур чадвар, авьяас ухаан шингэсэн бүтээлээ олон нийтэд дэлгэж буй нь энэхүү өвийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутам зохиогдож буй энэхүү “Монгол дархан” үзэсгэлэн уламжлал болон хөгжиж, цаашдаа дэлхийн монгол туургатнуудын уран дархчууд оролцож, монгол дархны урлаг дэлхий дахинаа алдаршина гэдэгт бүрэн итгэж байна.

Эрхэм хүндэт үзэгчид та бүхэн энэ танхимд дэглэгдсэн уран дархчуудын шилдэг бүтээлүүдийг үзэж сэтгэлийн их таашаал эдэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд баярлаа.

Уран дархны урлал улам цэцэглэн хөгжих болтугай” гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.